Баруун Австралийн Пилбара бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг PLS Group Limited компани Пилгангоора литийн уурхайгаа өргөтгөхөөр шийдвэрлэснээ зарлалаа. Нийт 1.9 тэрбум долларын өртөгтэй уг төсөл хэрэгжсэнээр жилд олборлох сподуменийн баяжмалын хэмжээг хоёр сая тоннд хүргэх зорилт тавьжээ. Энэхүү бүтээн байгуулалт бүрэн дууссаны дараа тус уурхай нь дэлхийн хамгийн том сподумен олборлогч Talison Lithium компанийн Greenbushes уурхайтай өрсөлдөх хэмжээнд очих төлөвтэй байна.
Төслийн хүрээнд Ниамал нутгийн уугуул иргэдийн ахмадуудын нэрлэсэн 'Жиммагуня' буюу булгийн орон хэмээх утгатай шинэ баяжуулах үйлдвэрийг барихаар төлөвлөжээ. Пилгангоора уурхай нь Порт Хедланд хотоос зүүн өмнө зүгт 140 километрийн зайд байрладаг бөгөөд 2029 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, жилд хоёр сая тонн баяжмал гаргах тооцоотой байна. Компанийн гүйцэтгэх захирал Дэйл Хэндерсон дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь үйл ажиллагааны зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж буйг онцлов.
Үүнээс гадна тус компани гурван жилийн хугацаанд 600 сая долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Үүнд муж улсын засгийн газартай хамтран уурхайн авто замыг сайжруулах, 1,200 ортой байнгын ажилчдын тосгон байгуулах болон уурхайн үйлчилгээний шинэ төв барих ажлууд багтжээ. Эдгээр төслийн санхүүжилтийг компанийн одоогийн бэлэн мөнгөний үлдэгдэл болон одоогийн үйлдвэрлэлийн мөнгөн урсгалаас бүрэн гаргахаар болсон байна.
Олон улсын зах зээлд литийн үнэ тавдугаар сараас хойш бараг хоёр дахин буурч, сподуменийн үнэ тонн тутамдаа 3,000 ам.доллароос 1,505 ам.доллар болсон бол литийн карбонатын ханш ойролцоогоор 15,500 ам.долларт хэлбэлзэж байна. Уул уурхайн шинжээч Питер Страханы тайлбарласнаар, 2-3 жилийн өмнө үнэ унах үед хаагдсан байсан олон уурхай дахин ажиллаж эхэлснээр нийлүүлэлт нэмэгдэж, зах зээлийн үнийг доош татжээ. Хэдийгээр үнэ буурсан ч цахилгаан автомашины зах зээлийн өсөлтөөс үүдэн урт хугацааны эрэлт өндөр хэвээр байгаа бөгөөд 2040 он хүртэл жил бүр 8 хувиар өсөх төлөвтэй байна.
Баруун Австрали мужийн засгийн газар уг төслийг бүрэн дэмжиж, барилга угсралтын явцад 1,000 хүн, цаашид тогтмол үйл ажиллагаанд 500 мэргэжилтэн ажиллах ажлын байр шинээр бий болохыг сайшаалаа. Мужийн Ерөнхий сайд Рожер Күүк болон Пилбара бүс нутгийн сайд Эмбер-Жэйд Сандерсон нар энэхүү 1,500 ажлын байр нь тухайн бүс нутагт ажиллаж, амьдарч буй мэргэжилтнүүд, туслан гүйцэтгэгч нарт маш том боломж нээнэ гэдгийг онцолсон юм.
Энэхүү томоохон өргөтгөл нь Австралид ажиллаж буй гадаадын болон монгол мэргэжилтнүүд, техникийн инженерийн чиглэлээр чадварлаг боловсон хүчний виз, байнгын оршин суух (PR) эрх хүсэх гэж буй хүмүүст хөдөлмөрийн зах зээл дээр шинэ боломжийг бий болгож байна. Баруун Австралийн литийн салбар 2025 онд бараг дөрвөн сая тонн сподуменийн баяжмал борлуулсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон бөгөөд цаашид тус бүс нутаг критикал эрдэс баялгийн дэлхийн гол төв хэвээр байхыг харууллаа.