Казахстаны Гадаад хэргийн сайд Мухтар Тлеуберди, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар аравдугаар сарын 19-нд Самарканд хотноо уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр улс стратегийн түншлэлээ бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрмэлзлээ нотлов. Мөн эрчим хүч, чухал ашигт малтмал, цахим шилжилт, тээвэр логистикийн чиглэлээр хамтын ажиллагаагаа ахиулахаар санал нэгджээ.
Казахстаны Гадаад хэргийн яамны мэдээлснээр хоёр талын харилцааны эерэг уур амьсгалыг сайшааж, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бараа эргэлтийг өсгөх болон хамтарсан хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх сонирхлоо дахин илэрхийллээ. Ялангуяа төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн тохиролцоо, тэр дундаа Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын 2025 оны арваннэгдүгээр сард хийсэн уулзалтын шийдвэрүүдийг ажил хэрэг болгоход гол анхаарлаа хандуулав.
Сайд М.Тлеуберди бизнесийн хэлхээ холбоог бэхжүүлэх, АНУ-аас дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалт татах, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхийн чухлыг цохон тэмдэглэлээ. Үүнээс гадна талууд Майамид болох 'Их 20'-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар санал солилцсон байна. Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио уг дээд хэмжээний уулзалтын дараа Казахстан улсад ойрын хугацаанд айлчлах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Үүний зэрэгцээ М.Тлеуберди нь Марко Рубио болон Төв Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хамт 'С5+1' сайд нарын уулзалтад оролцов. Энэ үеэр бүс нутгийн дэд бүтцийн холболтыг сайжруулах, нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх, дижитал инновац болон чухал ашигт малтмалын төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцжээ. Уулзалтын төгсгөлд талууд урт хугацааны, харилцан ашигтай түншлэлийг гүнзгийрүүлэх чиглэл бүхий хамтарсан мэдэгдэл батлав.


