Их Британийн хэт барууны идэвхтэн Томми Робинсон нэгэн сэтгүүлчийн гэр бүлийн хувийн мэдээллийг задруулна хэмээн сүрдүүлж, орон гэрээсээ нүүхэд хүргэнэ гэж заналхийлсэн талаар шүүхэд танилцуулав. Жинхэнэ нэр нь Стивен Яксли-Леннон гэгддэг 42 настай тэрээр 'MailOnline'-ийн хоёр сэтгүүлчийг айлган сүрдүүлж, хүчирхийлэлд өртөх вий гэсэн айдсыг бий болгосон хоёр зүйл ангиар буруутгагдаад байна. Робинсон эдгээр буруутгалыг эрс үгүйсгэж байгаа юм.
Саутпорт хотод 2024 онд гарсан аллагын дараа дэгдсэн үймээнийг өдөөсөн гэж буруутгагдсан Робинсоныг сурвалжлахаар сэтгүүлч Эндрю Янг Кипр рүү явсан аж. Улмаар сэтгүүлч Янг 2024 оны 8 дугаар сарын 5-нд Кипрт байхдаа гэрийнх нь хаяг 'X' сүлжээнд нэргүй хаягаар нийтлэгдсэнийг олж мэдсэн талаар шүүхэд мэдэгджээ. Түүнчлэн Робинсоны зүгээс утсаар заналхийлж, хараалын үг хэллэг хэрэглэн улам түрэмгий авирлаж байсан ярианы бичлэгийг танхимд сонсгов.
Сэтгүүлч Эндрю Янг шүүхэд гаргасан мэдүүлэгтээ Робинсоны 'X' дэх 800,000 дагагч нь нийтэлсэн нийтлэлийнх нь төлөө түүнээс болон гэр бүлээс нь өшөө авахаар халдаж болзошгүй байсанд маш их эмээж байснаа дурджээ. Удалгүй түүний болон хамтран ажилладаг нөгөө сэтгүүлчийн гэрийн гадаа үл таних этгээдүүд эргэлдэж, охиных нь зургийг машинтай хүмүүс авч хашхирсан хэрэг гарсан байна.
Өөр нэг сэтгүүлч болох Жейкоб Дирнхубер сүрдүүлгийн улмаас хамтран амьдрагч болон нохойгоо дагуулан орон гэрээ орхихоос өөр аргагүй болсон тухайгаа ярилаа. Улсын яллагч Бен Холт хэт барууны идэвхтэн өөрийнх нь амралтад сэтгүүлчид хөндлөнгөөс саад боллоо гэж үзэн танхай балмад сүрдүүлгийн тактик хэрэглэсэн хэмээн онцлов.


