Миний тохиргоо

Их Британи хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийн тогтолцоог шинэчилнэ

Их Британийн Засгийн газар халамжийн тогтолцоондоо томоохон шинэчлэл хийхээр бэлтгэж байна. Тус улсын Англи болон Уэльс бүс нутагт насанд хүрэгчдэд олгодог хувийн бие даасан байдлын тэтгэмж буюу Pip олгох шалгуурыг өөрчлөх саналыг Хөдөлмөр, тэтгэврийн яамны сайд Стивен Тиммс танилцуулав. Тэрбээр өнөөгийн тогтолцоо үндсэн зорилгоо хангаж чадахгүй болсныг онцлоод, сууриар нь шинэчлэх шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Тайланд дурдсанаар хөгжлийн бэрхшээлээсээ шалтгаалан нэмэлт зардал гаргадаггүй хүмүүсийг уг тэтгэмжээс хасах шинэ шалгуур бий болгохыг зөвлөжээ. Resolution Foundation судалгааны байгууллагын тооцоогоор одоогоор тэтгэмж авч буй 4 сая хүний зургаа тутмын нэг буюу 666,000 орчим иргэн ямар нэг нэмэлт зардал гардаггүй гэж хариулсан байна. Хэрэв эдгээр иргэдийн тэтгэмжийг зогсоовол засгийн газар 2029-2030 он гэхэд 4.4 тэрбум фунт стерлингийн төсөв хэмнэх боломж бүрдэнэ.

Их Британид хөгжлийн бэрхшээлийн тэтгэмжийн нийт зардал 2019-2020 онд 16 тэрбум фунт стерлинг байсан бол энэ арваны эцэс гэхэд 41 тэрбум фунт стерлинг давж өсөх төлөвтэй байгаа юм. Тиймээс эрх баригчид төсвийн асар их дарамтыг бууруулахаар уг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр зорьж байна. Өмнөх долоо хоногт сайд асан Алан Милбурн 25 хүртэлх насны залуучуудад Pip тэтгэмж олгохыг бүрэн зогсоох санал гаргасныг Тиммс няцааж, илүү нарийвчилсан үнэлгээний арга барилыг санал болгов.

Засгийн газар Стивен Тиммсийн хоёр зөвлөмжийг нэн даруй хүлээн авлаа. Үүнд биеийн байдал нь маш хүнд хүмүүст тэтгэмж олгох үйл явцыг түргэсгэх, мөн эрүүл мэндийн байдал нь сайжрах боломжгүй иргэдийн хяналтын давтамжийг бууруулахаар тогтов. Харин үлдсэн 90 орчим хувийн хувьд тухайн хүний нөхцөл байдалд бүрэн нийцүүлсэн үнэлгээ хийх зарчимд шилжих юм.

Одоогийн байдлаар долоо хоногт 30.30-аас 194.60 фунт стерлинг хүртэлх дөрвөн түвшнээр олгодог тогтолцоог өөрчилж, хамгийн хүнд хэрэгцээтэй иргэдэд нь илүү өндөр дэмжлэг үзүүлэхээр зорьж байна. Тайланг хамтран бичсэн Шэрон Бреннан зарим иргэдийн тэтгэмжийн хэмжээ нэмэгдэх бол заримынх нь буурах буюу дахин тэнцвэржүүлэх үйл явц өрнөнө гэдгийг тодорхой дурджээ. Гэхдээ уг шинэ шалгуурыг зөвхөн шинээр хүсэлт гаргагчдад хамааруулах уу, эсвэл одоо тэтгэмж авч буй бүх хүнд үйлчлэх үү гэдгийг хараахан эцэслэн шийдээгүй байна.

Шинэчлэлийн төсөл танилцуулагдсаны дараа Лейборист намын зарим гишүүд болон сайн дурын байгууллагууд болгоомжлол илэрхийлж эхэллээ. Парламентын гишүүн Апсана Бегум шалгуур өөрчлөгдөх тухай тодорхой мэдээлэлгүй байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд ихээхэн түгшүүр үүсгэж буйг сануулав. Түүнчлэн Их Британийн Хөдөлмөр, тэтгэврийн яам шинэ систем нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, амьжиргааны түвшинг дээшлүүлж, бие даасан байдлыг бэхжүүлнэ хэмээн байр сууриа илэрхийллээ.

The Guardian UKThe Guardian UK · Эх сурвалж