Казахстан улс хөрөнгийн зах зээлийн гурван том платформ болох Казахстаны хөрөнгийн бирж (KASE), Астанагийн олон улсын санхүүгийн төв (AIFC) болон Алатау хотын үйл ажиллагааг нэгдсэн стратегиар зохицуулахаар төлөвлөж байна. Тус улсын Үндэсний банкны ерөнхийлөгч Тимур Сулейменов арваннэгдүгээр сарын 13-нд болсон Санхүүчдийн XIV их хурал дээр энэ тухай мэдэгдэв. Түүний онцолсноор, талбар бүрийн өвөрмөц онцлог, төрөлжилтийг хадгалахын зэрэгцээ нэгдсэн удирдлагын бодлого баримтлах нь зүйтэй гэж үзжээ.
Шинэ бүтцийн хүрээнд оролцогчдыг талууд харилцан хүлээн зөвшөөрөх, хяналт тавигч байгууллагууд тогтмол мэдээлэл солилцох, зохицуулалтын арга барилыг уялдуулах болон хариуцлагын зааг ялгааг тодорхой болгох зэрэг хамтын ажиллагаа өрнөнө. Сулейменов хэлэхдээ, Алатау хот нь өөрийн гэсэн зохицуулалт, татварын орчинтой санхүүгийн инновацын шинэ бүс болж буйг онцлоод, хөрөнгийн урсгалыг газар зүйн хязгаарлалтад барихгүй байх нь нэн чухал гэдгийг цохон тэмдэглэлээ.
Энэхүү стратеги нь талбар бүрийн өдөр тутмын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох бус, харин нийтлэг тэргүүлэх чиглэлийг тогтооход чиглэж байна. Тимур Сулейменов 'Капитал болон мөнгө нь мөн чанараараа хөрвөх чадвартай, уян хатан байдаг тул тэдгээрийг нэг дор түгжих боломжгүй' хэмээн дурдсан юм.
Хурлын үеэр Астанагийн санхүүгийн төв болон Алатау хот гадаадын хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөх эсэх асуудлыг хөндөв. Үүнд AIFC-ийн захирал Ренат Бектуров хариулахдаа, хоёр төв хууль эрх зүй, зорилгын хувьд огт өөр чиглэлтэйг тодотголоо. Астанагийн төв хөрөнгийн зах зээл, шинэлэг санхүүгийн бүтээгдэхүүнд төвлөрдөг бол Алатау хот нь барилга, шинжлэх ухаан, хот байгуулалтыг түргэтгэх тусгай дэглэмд суурилж буй аж.
Бектуров хоёр талын харилцааг өрсөлдөөн гэхээсээ илүү туршлага солилцох, хамтран ажиллах боломж гэж тодорхойлов. Астанагийн төвийн бий болгосон зохицуулалт болон институцийн туршлага шинээр хөгжиж буй хотын бүтээн байгуулалтад дэмжлэг болно гэдгийг тэрбээр нэмж дурдлаа.


