Казахстан улс Швейцарын 'Stadler' компанийн технологиор дотооддоо үйлдвэрлэсэн зорчигчийн шинэ вагон бүхий анхны галт тэргийг Астана-Алматы чиглэлийн төмөр замын үйлчилгээнд амжилттай нэвтрүүллээ. Энэхүү үйл явдал нь тус улсын галт тэрэгний паркийг шинэчлэх болон Швейцарын галт тэрэг үйлдвэрлэгчтэй хамтран ажиллах стратегийн хүрээнд хийгдсэн томоохон алхам болж байна.
Эхний ээлжийн галт тэрэг арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Астанагийн 'Нурлы Жол' өртөөнөөс хөдөлсөн бөгөөд 'Нурлы Жол-Алматы-2' чиглэлд өдөр бүр 3/4 дугаартайгаар тогтмол зорчихоор болжээ. Хуваарийн дагуу уг галт тэрэг Астанагаас өдрийн 13:10 цагт хөдөлж, маргааш өглөөний 08:30 цагт Алматы хотод хүрэх хуваарьтай байна.
Казахстаны цаг уурын онцлогт тохируулан бүтээсэн эдгээр вагонууд нь хасах 50-аас нэмэх 45 хэмийн эрс тэс уур амьсгалд ажиллах чадвартай төдийгүй ашиглалтын хугацаа нь 40 жил үргэлжилнэ. Вагон дотор зорчигч бүрт зориулсан уур амьсгалын тохируулга, цахилгаан залгуур, USB оролт, Wi-Fi сүлжээ, хяналтын камер суурилуулсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих нөхцөлийг бүрэн хангажээ. Купе вагон 40, нийтийн унтлагын вагон 58 хүний суудалтай бөгөөд галт тэрэг бүр буфет вагонтой юм.
Тээврийн дэд сайд Жанибек Тайжанов нээлтийн үеэр үг хэлэхдээ, уг төсөл нь зөвхөн тээврийн үйлчилгээг шинэчлээд зогсохгүй дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр бий болгох өндөр ач холбогдолтойг онцлов. Төмөр замын үндэсний оператор 'Казахстан Темир Жолы' одоогийн байдлаар 100 гаруй вагоныг хүлээн авсан бөгөөд гэрээ ёсоор 2030 он хүртэл нийт 557 вагон нийлүүлж, урт хугацааны засвар үйлчилгээ хийхээр төлөвлөжээ. Дараагийн шинэ вагонууд арваннэгдүгээр сарын 13-наас 'Нурлы Жол-Семей' чиглэлд үйлчилж эхэлнэ.


