Их Британид ирэх онд хэрэгжиж эхлэх 'хөдөлмөрөөрөө эрх олж авах' цагаачлалын шинэ журмын дагуу явган хүний замаар дугуй унах, телевизийн хураамж төлөөгүй зэрэг өчүүхэн зөрчил гаргасан гадаадын иргэдэд байнга оршин суух эрх (indefinite leave to remain) олгохоос татгалзаж болзошгүй болов. Хуулийн төслийн хүрээнд шүүхээс торгох, нийтэд тустай ажил хийлгэх, нөхцөлт анхааруулга өгөх, бүр шийтгэлээс бүрэн чөлөөлөх ямар нэг шийдвэр гарсан тохиолдолд тухайн хүний өргөдлийг шууд хэрэгсэхгүй болгохоор тусгажээ.
Өнөөдрийн мөрдөж буй журмаар зөвхөн 12 сар буюу түүнээс дээш хугацаагаар хорих ял авсан хүний өргөдлийг автоматаар буцаадаг. Харин шинэ босго хэрэгжвэл шүүхээс гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр авсан 18-аас дээш насны аливаа хүний байнга оршин суух хүсэлтийг ямар ч ялгаваргүйгээр татгалзах хатуу нөхцөл бүрдэж байна.
Хөдөлмөрийн эрхийг хамгаалах 'Work Rights Centre' байгууллага уг төслийг эрс эсэргүүцэж, парламентад баримт нотолгоо ирүүлээд буй юм. Тус төвийн гүйцэтгэх захирал Дора-Оливиа Викол Их Британийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт ажиллаж байгаа олон мянган цагаачид өчүүхэн алдаанаас болж насан туршдаа оршин суух эрхээ алдахад хүрнэ гэдгийг онцоллоо. Мөн 2023 онд Манчестер хотын шүүхээс хурд хэтрүүлсний төлөө торгууль хүлээсэн хотын дарга Энди Бернхэм гадаадын иргэн байсан бол энэ журмаар бүрмөсөн хасагдахаар байсныг жишээ татав.
Лордын танхимын Хууль зүй, дотоод хэргийн хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хорооны дарга Дон Фостер гудамжинд хог хаях, хананд зурагт хуудас наах зэрэг шалихгүй зөрчлүүд хүртэл тус улсад байнга үлдэх эрхийг хаах эрсдэлтэйг дурдсан юм. Оксфордын их сургуулийн Цагаачлалын ажиглалтын төвийн захирал Мадлен Сампшн торгуулийг төлөөгүй эсвэл шүүхээр заргалдсаны улмаас шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд цагаачлалын ажилтанд өргөдлийг шууд татгалзахаас өөр эрх мэдэл үлдэхгүйг санууллаа.
Их Британийн Дотоод хэргийн яамны сайд Рэй Коллинс парламентын асуулгад бичгээр өгсөн хариултдаа, 18 ба түүнээс дээш насандаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож шүүхээс шийтгүүлсэн хүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгох зарчим баримтална гэдгээ батлав. Үүнд хорих болон хорихоос өөр төрлийн ял, торгох шийтгэл бүгд хамаарах бөгөөд зөвхөн цагдаагийн энгийн анхааруулга (simple caution) үүнд хамаарахгүй үлдэх юм.
Түүнчлэн Их Британийн Дотоод хэргийн яамны сайд Жо Вайт зөрчлийн ноцтой байдал, хэзээ үйлдсэнээс үл хамааран гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсан л бол өргөдлийг шууд буцаана гэж мэдэгдсэн байна. Байнга оршин суух эрх авч чадаагүй иргэд түр визээ үргэлжлүүлэн сунгахын тулд хэдэн мянган фунт стерлингийн хураамж, эрүүл мэндийн даатгалын төлбөр тогтмол төлөхөд хүрдэг төдийгүй орон сууцны зээл авах, ажил олгогчоо солих эрх нь хязгаарлагдмал хэвээр үлддэг билээ. Уг өөрчлөлтөд хичнээн хүн өртөх талаар засгийн газарт нэгдсэн судалгаа одоогоор байхгүй байна.


