Казахстан улсад цоохор ирвэсийн тоо толгой 2000-аад оны эхэн үетэй харьцуулахад бараг хоёр дахин нэмэгдэж, 2025 оны байдлаар 200 орчимд хүрсэн талаар албаныхан мэдээллээ. Байгалийн амьдрах орчныг хамгаалах, шинжлэх ухааны судалгааг өргөжүүлэх болон зэрлэг ан амьтдын хяналт шалгалтыг сайжруулсан нь энэхүү үр дүнд хүргэсэн байна.
Тус улсын Экологи, байгалийн нөөцийн яамны мэдээлснээр 2000-аад оны эхээр цоохор ирвэсийн тоо толгой 100-110 орчим байжээ. Байгаль хамгааллын энэхүү ололт амжилтыг Казахстаны Экологийн сайд Алибек Куантыров болон ОХУ-ын Татарстаны экологи, байгалийн нөөцийн сайд Азат Зиганшин нарын 11 дүгээр сарын 25-нд хийсэн уулзалтын үеэр танилцуулсан юм. Талууд биологийн олон янз байдлыг хамгаалах, цоохор ирвэсийг хамгаалах хамтарсан судалгаа, туршлага солилцох болон орчин үеийн технологи ашиглах талаар хэлэлцжээ.
Өдгөө Казахстаны цоохор ирвэсийн амьдрах нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байна. Тухайлбал, 2025 онд Жамбыл мужид цоохор ирвэсийн амьдрах орчин болон байгалийн унаган төрхийг хамгаалах зорилгоор Меркегийн бүс нутгийн байгалийн цогцолборт газрыг байгуулсан юм. Ирвэс хамгаалах ажилд Амьтан судлалын хүрээлэн болон тусгай хамгаалалттай газар нутгийн ажилтнууд идэвхтэй оролцож, автомат камер болон сансрын хүзүүвч ашиглан хяналт тавьж байна.
Судалгааны хүрээнд 2026 оны байдлаар нийт 17 цоохор ирвэст сансрын дохиололтой хүзүүвч зүүж, шилжилт хөдөлгөөн болон амьдрах орчны талаарх мэдээллийг нарийвчлан цуглуулж эхэлжээ. Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Татарстан улс Алтайн Бүгд Найрамдах Улсад Цоохор ирвэс судлалын төв байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Киргиз улстай хамтран 'Ак Илбирс' судалгааны төвийг нээхээр ажиллаж байна. Хүч чадал, эрхэмсэг оршихуйн бэлгэдэл болсон цоохор ирвэсийг хамгаалах нь бүс нутгийн улсуудын тэргүүлэх чиглэл хэвээр байгааг талууд онцлов.


