Миний тохиргоо

Жошуа Киммих багийн удирдлагуудаа шүүмжлэв

Аваргуудын лигийн хүрээнд Лилль багийн талбайд зочлон 2:1-ээр хожигдсоны дараа Бавари Мюнхен клубийн ахлагч Жошуа Киммих багийн удирдлагуудын гаргасан үйлдлийг эрс шүүмжлэв. Тус тоглолтын сүүлийн 15 минутад талбайд гарсан хагас хамгаалагч Жамал Мусиалагийн эрүүл мэндийн асуудлыг клубийн удирдлагууд хэвлэлээр хөндсөнд Киммих сэтгэл дундуураа илэрхийлжээ.

Киммих сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тоглогчийн хувийн байдлыг золиослох явдал хэзээ ч гарч болохгүйг сануулав. Тэрээр 'Клуб үргэлж нэгдүгээрт тавигдах нь зүйн хэрэг боловч тухайн хүнээс дээгүүр байж болохгүй. Энэ бол огт хүлээн зөвшөөрч боломгүй, Баварид тохирохгүй үйлдэл' хэмээн мэдэгдсэн байна.

Бавари Мюнхен клубийн хяналтын зөвлөлийн гишүүн Карл-Хайнц Румменигге өнгөрсөн Баасан гарагт Sky сувагт ярихдаа, хэрэв Мусиала хуучин түвшиндээ хүрч чадахгүй бол одоогийн өндөр цалинг зөвтгөх боломжгүй тул гэр бүл, агенттай нь хэлэлцээ хийх хэрэгтэй гэж дурдсан юм. Мөн хүндэт ерөнхийлөгч Ули Хёнесс уг нөхцөл байдлыг клубийн хувьд 'хүнд сонголт' хэмээн тодорхойлж, гүйцэтгэх захирал Ян-Кристиан Дреесен тоглогчийн талтай уулзаж ярилцах шаардлагатайг хэлсэн билээ.

Өнгөрсөн хэдэн улиралд бэртэл гэмтэлтэй тэмцсэн Герман тоглогчийн эрүүл мэнд наймдугаар сард болсон улирлын өмнөх тоглолтуудын үеэр талбайд унаснаар анхаарлын төвд орсон юм. Мусиала дараа нь ухаан балартах шинж тэмдэг бүхий мэдрэлийн өвчтэй гэж оношлогдсоноо мэдэгдсэн байна. Киммихийн онцолсноор тоглогчийн ур чадварыг шүүмжлэх нь байх ёстой зүйл ч эрүүл мэндийн асуудлыг олон нийтэд бус, дотооддоо нэг ширээний ард ярилцаж шийдэх ёстой байжээ.

Баварийн удирдлагууд Мягмар гарагт Мусиалагийн агентуудтай уулзаж, үйл явдлын дарааллыг тодорхой болгосон байна. Тоглогч сүүлийн гэрээгээ сунгахдаа өвчнийхөө талаар нуусан гэх таамгийг клуб няцаажээ. Мусиалаг 2030 он хүртэл үлдээх өндөр дүнтэй гэрээг байгуулснаас хоёр сарын дараа буюу 2025 оны дөрөвдүгээр сард түүний шинж тэмдгийг анх шинжилсэн гэдэгт хоёр тал санал нэгдсэн бөгөөд хэлэлцээ үргэлжилж байна.

Deutsche Welle GermanyDeutsche Welle Germany · Эх сурвалж