АНУ-ын Конгрессын танхимаар эрчим хүчний төслүүдийн зөвшөөрөл олгох үйл явцыг шинэчлэх томоохон хуулийн төслийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжлэгийг авсан 'BAAJA' хэмээх уг баримт бичиг Сенатын босгыг хэдийн давсан бөгөөд одоо Төлөөлөгчдийн танхимаар шийдэгдэх гэж байна.
Шинэ хуулийн төсөл нь нар, салхины эх үүсвэрүүд болон уламжлалт цахилгаан станцуудыг төвийн сүлжээнд холбоход тулгардаг захиргааны хүнд суртлыг арилгах зорилготой юм. Одоогоор эрчим хүчний аливаа томоохон бүтээн байгуулалт холбооны агентлагуудаас зөвшөөрөл авахад олон жил зарцуулж, шүүхийн маргаанаар зогсох нь цөөнгүй байдаг.
Ойролцоогоор 500 хуудас бүхий уг баримт бичиг байгаль орчны үнэлгээг хурдасгаж, цахилгаан дамжуулах шугам татах асуудлыг хөнгөвчлөхөөр тусгажээ. Мөн олгосон зөвшөөрлийг дараа нь цуцлахад хүндрэлтэй болгохын сацуу өсөн нэмэгдэж буй дата төвүүдэд цахилгаан сүлжээний шинэчлэлийн зардлыг төлөх үүрэг ногдуулах юм.
Төслийн уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөний талаар шинжээчид өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт өгөөд байна. Тухайлбал, 'Rhodium Group' судалгааны байгууллага хууль батлагдсанаар 2040 он гэхэд АНУ-ын хүлэмжийн хийн ялгаруулалт 4 хувиар буурна гэж тооцоолжээ. Харин Пердьюгийн их сургуулийн судлаач Кевин Кирчерийн хийсэн шинжилгээгээр уламжлалт түлшний олборлолт сэргэж, нийт ялгаруулалт эсрэгээрээ 2 хувиар нэмэгдэх эрсдэлтэй гэж үзэв.
Хэрэглэгчдийн зардлын тухайд Цагаан ордны Эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөл өрхийн цахилгааны төлбөр жилд дунджаар 178-аас 251 ам.доллар буюу 162-оос 229 еврогоор буурна гэж үзжээ. Гэвч 'Rhodium Group' өрхийн хэмнэлтийг 2035 он гэхэд жилд ердөө 41-ээс 66 ам.доллар байна хэмээн илүү бодитой тооцоолсон байна.
Байгаль орчныг хамгаалах тэргүүлэх байгууллагууд засгийн газраас олгосон тусгай зөвшөөрлийг эргүүлэн цуцлахад хэцүү болгож буй заалтыг хамгийн ихээр шүүмжилж байгаа юм. Энэ нь ирээдүйн засаг захиргаа туйлын бүс дэх өрөмдлөг, далайн гүний олборлолт зэрэг байгальд хортой шийдвэрүүдийг эргэн харах боломжийг хаана гэж идэвхтнүүд сэрэмжлүүлэв.
Нөгөө талаас цахилгаан дамжуулах өндөр хүчдлийн шугамын зөвшөөрлийг хөнгөвчилж буйг олон тал сайшааж байгаа нь нар, салхины нөөц ихтэй бүсээс төв хотууд руу эрчим хүч хүргэхэд туслах юм. Ардчилсан намын зарим гишүүн шинэ конгресс бүрдтэл хүлээж, зөвхөн цэвэр эрчим хүчинд чиглэсэн хувилбарыг батлахыг шаардаж байна.


