Австрали даяар үл хөдлөх хөрөнгийн үнэ богино хугацаанд хурдацтай буурсан ч өндөр хүүтэй зээлийн дарамтаас үүдэн анх удаа байр худалдан авагчдад үзүүлэх бодит дэмжлэг тун бага хэвээр үлдлээ. 'Cotality' судалгааны байгууллагын тайланд дурдсанаар, есдүгээр сарын эцсийн байдлаар дундаж орлоготой өрх дундаж үнэтэй байр худалдан авахад сарын ипотекийн төлбөрт татварын өмнөх орлогынхоо 49.5 хувийг төлж байна.
Энэхүү тооцоог 20 хувийн урьдчилгаа байршуулж, 30 жилийн хугацаатай хөнгөлөлттэй хөвөгч хүүтэй зээл авсан нөхцөлд үндэслэн гаргажээ. Олон улсын жишгээр ипотекийн төлбөр нь өрхийн нийт орлогын 30 хувиас давбал тухайн өрхийг 'санхүүгийн хүнд дарамтад' орсонд тооцдог байна. 'Cotality'-ийн шинжилгээнээс үзвэл орон сууцыг энэхүү шалгуурын дагуу иргэдийн худалдан авах чадварт нийцүүлэхийн тулд дундаж үнэ дахин 345,000 австрали доллароор буурах шаардлагатай ажээ.
Судалгааны албаны дарга Жерард Бург өндөр хүүгийн нөлөөгөөр байрны үнэ суларсан нь худалдан авагчдын санхүүгийн чадамжийг дээшлүүлж чадаагүйг онцлов. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хотын захын болон хөдөөгийн бүс нутгуудад үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өссөн нь томоохон хотуудаас дүрвэх сонирхолтой иргэдэд шинэ сорилт боллоо. Тухайлбал, Аделаида хот орон нутгийнхаа өрхийн орлоготой харьцуулахад Сиднейг давж, хамгийн өндөр өртөгтэй хотоор нэрлэгдэв. Тус хотын дундаж үнэ болох 928,560 австрали доллар нь өрхийн жилийн дундаж орлогоос 9.5 дахин өндөр байна.
Улсын хэмжээнд орон сууцны үнэ буурсан нь орлоготой харьцах харьцааг бага зэрэг зөөллөжээ. Есдүгээр сарын байдлаар дундаж үнэ өрхийн жилийн дундаж орлогоос 8.2 дахин өндөр гарсан нь өнгөрсөн гуравдугаар сарын 8.7 дахин өндөр байсан дээд түвшнээс бага зэрэг буурсан үзүүлэлт болов. Гэвч сүүлийн таван жилийн хугацаанд өрхийн дундаж орлого 21.6 хувиар өсөж 110,037 долларт хүрсэн бол байрны үнэ 33 хувиар өсөж 899,236 долларт хүрсэн нь бодит байдалд зөрүү үүсгэсэн хэвээр байна.
Түрээсийн зах зээл дэх үнийн өсөлт иргэдэд бүр ч хүнд тусаж байгаа бөгөөд сүүлийн хагас арван жилийн хугацаанд түрээс 49.4 хувиар нэмэгджээ. Одоогийн байдлаар түрээсийн дундаж зардал өрхийн орлогын 33.7 хувийг эзэлж буй тул байр худалдан авах хүсэлтэй иргэдэд урьдчилгаа мөнгө цуглуулах боломж хомс байна. Жилийн орлогынхоо 15 хувийг хуримтлууллаа гэж тооцоход 20 хувийн урьдчилгаа бүрдүүлэхийн тулд энгийн худалдан авагч 10.9 жилийг зарцуулахаар байгаа аж.
Тус тайланд Австралийн Төв банкнаас саяхан хийсэн бодлогын хүүгийн өсөлтийг хараахан тусгаагүй байна. Төв банк оны сүүлийн хурлаа арванхоёрдугаар сарын 8-нд өндөрлүүлж шийдвэрээ гаргах бөгөөд зээлийн хүү цаашид дахин өсвөл үнэ буурсан ч худалдан авах боломж төдийлөн сайжрахгүйг шинжээчид анхаарууллаа.


