Хиймэл оюун ухааны хувьсгалын гол нүүр царай болсон Женсен Хуан огцорсноосоо хойш хоёр долоо хоног ч хүрэхгүй хугацааны дараа Nvidia-ийн гүйцэтгэх захирлын суудалд эргэн суулаа. Тэрбээр Хятадын тагнуул байж болзошгүй хэрэгт сэжиглэгдсэн Megaspeed компанийн захирал Элис Хуан болон өөрийн ажилтнуудтай холбогдсон дуулианаар албан тушаалаасаа буугаад байсан юм. Гэвч Цагаан ордны зүгээс хатуу шахалт үзүүлсний дараа тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн даваа гарагт шийдвэрээ цуцалж, түүнийг эгүүлэн томилов.
АНУ-ын хөрөнгийн зах зээл өндөр технологийн цөөн хэдэн компаниас шууд хамаардаг бөгөөд тэдгээр нь Nasdaq-100 индексийн 60 гаруй хувийг эзэлдэг. Түүнчлэн технологийн болон хиймэл оюун ухааны чиглэлийн компаниуд S&P 500 индексийн зах зээлийн үнэлгээний тал хувийг бүрдүүлдэг болжээ. Тиймээс 1980-аад онд аяга таваг угаагчаас эхэлж, 4 их наяд ам.долларын үнэлгээтэй эзэнт гүрнийг 33 жил удирдсан 63 настай Хуаныг халах нь зах зээлд хэт том эрсдэл авчирсан юм.
Хуаныг огцрох үед Nvidia-ийн хувьцаа 11 дүгээр сарын 11-нээс 20-ны хооронд 28 хувиар унаж, үнэлгээ нь 3.04 их наяд ам.доллар хүртэл буурсан билээ. Харин түүнийг эргэн ирсэн өдөр хувьцааны ханш 30 гаруй хувиар өсөж, нийт зах зээлийн үнэлгээ нь 956 тэрбум ам.доллароор сэргэн 3.98 их наяд ам.долларт хүрэв. Үүнээс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч ашиг хүртсэн бөгөөд түүний эзэмшиж буй хувьцааны үнэлгээ 2024 оны сүүлээр 1.3 сая ам.доллар байсан бол 13-аас 62 сая ам.доллар болж өсжээ.
Энэхүү шийдвэр нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд хүчтэй нөлөө үзүүлж, түнш компаниудын үнэлгээ огцом өссөн байна. Nvidia-ийн чипийг үйлдвэрлэдэг Тайванийн TSMC компанийн хувьцаа 9.9 хувиар нэмэгдсэн бол Foxconn бараг 10 хувиар өсөв. Түүнчлэн Өмнөд Солонгос улсын SK Hynix 6.7 хувь, Samsung Electronics 6.6 хувиар тус тус дээшилж, Японы Advantest 12.5 хувиар үнэлгээгээ ахиуллаа.
АНУ анх 2022 онд хагас дамжуулагчийн экспортод хязгаарлалт тогтоосон бөгөөд Хуан эдгээр хоригийг байнга эсэргүүцэж ирсэн юм. Өрсөлдөгч компаниудын хувьд түүнийг огцорсон 11 дүгээр сарын 12-ны өдөр AMD болон Broadcom-ийн хувьцаа тус бүр 6 орчим хувиар өсөж байв. Гэвч Хуан эргэн ирсний дараа тэдний өсөлт ердөө 7 болон 2 хувиар хязгаарлагдсан нь Nvidia-ийн 31.5 хувийн өсөлттэй харьцуулахад тун бага дүн болжээ.
Нөгөө талд Цагаан ордны доторх зөрчил улам гүнзгийрч, Сангийн сайд Скотт Бессент болон Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар ялагдал хүлээсэн байдалтай үлдэв. АНУ-ын Худалдааны яам тус шийдвэрийн дараахан Сингапурт төвтэй Megaspeed болон Зүүн өмнөд Азийн бусад зургаан компанийг хар жагсаалтад орууллаа. Гэсэн хэдий ч АНУ-ын Хууль зүйн яам болон Үнэт цаасны хороо Nvidia компанийг чипийн хууль бус наймаатай холбогдуулан үргэлжлүүлэн шалгаж байна.


