Баруун Австрали мужийн Перт хотоос урагш 230 км зайд орших далайн эргийн Бусселтон хотын Эбби дүүрэгт дөрвөн унтлагын өрөө, хоёр угаалгын өрөөтэй хувийн сууцыг долоо хоногийн 2,300 доллароор түрээслүүлэх зар мягмар гарагт цахим сүлжээнд нийтлэгдэв. Нийт 806 метр квадрат талбайтай, 1976 онд баригдсан уг байшингийн үнэ зарлагдсан даруйдаа нутгийн иргэдийн дунд хүчтэй маргаан дэгдээж, амьжиргааны өртөг өссөн үед бодит байдалд нийцэхгүй байна гэсэн шүүмжлэлд өртлөө.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгаанаас үзвэл Эбби дүүрэгт ийм хэмжээний орон сууцны долоо хоногийн дундаж түрээс 880 доллар байдаг. Гэтэл шинээр тавигдсан зар нь зах зээлийн жишиг үнээс ойролцоогоор 160 хувиар өндөр байгаа нь цахим сүлжээний хэрэглэгчдийг бухимдуулж, 'Тогооч, үйлчлэгч, цэцэрлэгчтэйгээ хамт түрээслэгдэж байгаа юм уу?', 'Дараа үеийнхэн байр худалдаж авч дийлэх үү?' хэмээн егөөдөхөд хүргэв.
Түрээсийн зарыг хариуцан байршуулсан 'Acton Belle South West' агентлаг уг байшинг зах зээлийн дээд зэрэглэлийн түвшинд хамаарна гэж тайлбарлалаа. Байгууллагын захирал Лин Перксийн хэлснээр уг сууц нь Эбби далайн эрэгтэй залгаа онцгой байршилд байрладаг, засвар тохижилт сайтай тул ердийн түрээсийн орон сууцнуудаас ялгарна гэлээ. Мөн түрээсийн төлбөр өсөж, иргэдийн амьжиргаанд хүндрэл учирч буйг ойлгож буйгаа тус агентлаг нэмж мэдэгдэв.
Энэ оны долдугаар сарын улиралд 'Cotality' фирмийн гаргасан тоо баримтаар Бусселтон хотын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ улсын хэмжээнд хамгийн огцом буюу 4.1 хувиар буурчээ. Гэсэн хэдий ч түрээсийн төлбөр өндөр хэвээр байгаа нь олон жил түрээсийн байранд амьдарсан гэр бүлүүдийг хотоосоо дайжихад хүргэх эрсдэлтэйг нутгийн оршин суугч Рене Гутриж онцлов. Түүний үзэж буйгаар энэхүү үнэ хэт хийсвэр бөгөөд жирийн иргэдэд дааж давшгүй дарамт болж байна.
Бүс нутагт ижил төрлийн хоёр байшин эзэмшдэг хөрөнгө оруулагч Дэвид Ньюман хэлэхдээ, эзэмшигчид өөрсдийн хүссэн үнийг тогтоох эрхтэй ч урт хугацааны түрээслэгч зах зээлийн үнээс хоёр дахин ихийг төлөх нь эргэлзээтэй гэлээ. Зээлийн хүү, ипотекийн зардал өссөн ч ойролцоо төвшний орон сууцыг 900 орчим доллароор түрээслэх бүрэн боломжтойг тэрээр дурдсан юм. Түүнчлэн тансаг зэрэглэлийн бүсэд амьдрах өртөг өндөр байдаг бодит байдлыг ч тайлбарлав.
Ашгийн бус 'Accordwest' нийгмийн халамжийн байгууллагын төлөөлөгч Мэтт Вилсон энэ тохиолдлыг хэт өндөр туйл гэж үзэж байгаа ч бүс нутаг даяарх түрээсийн хүртээмж муудаж буйн тод илрэл гэв. Түрээсийн байрны хомсдол нүүрлэж, цөөн тооны байрны төлөө олон арван гэр бүл өрсөлдөх болсон нь үнэ зохиомлоор хөөрөгдөх нөхцөлийг бүрдүүлж байгааг тэрээр анхаарууллаа.
Орон сууцны хямрал Бусселтон хотын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ч шууд нөлөөлж эхлэв. 'Siesta Park Holiday Resort' амралтын газрын эзэд болох Грег, Жэйн Тикл нар долоо хоногийн 2,300 доллар гэдэг зуны улирлын богино хугацааны жуулчны үнэтэй дүйцэж байгааг санууллаа. Урт хугацааны сууцны түрээс хэт өссөнөөс болж ажилчид түрээсээ төлөхийн тулд нэмэлт цагаар ажиллахаас өөр аргагүйд хүрч, аж ахуйн нэгжүүд байнгын ажилтан олж тогтооход улам хүндрэлтэй болж байна.


