Өгөгдлийн төвийн салбарын 10 томоохон компанийн удирдлагууд сүүлийн гурван жилийн хугацаанд Австралийн таван муж улсын ерөнхий сайд болон сайд нартай нийт 119 удаагийн уулзалт хийснийг тайланд дурджээ. Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү үзүүлэлт нь бодит байдал дээр өрнөж буй өргөн хүрээтэй лобби үйл ажиллагааны зөвхөн ил харагдах хэсэг юм. Тайлангаас харахад томоохон компаниуд болон тэдний гэрээт лобби фирмүүдийн улс төрийн хандив өнгөрсөн гурван жилд 685 мянган доллароос 1.8 сая доллар болж гурав дахин өссөн байна.
Квийнслэндийн Ерөнхий сайд Дэвид Крисафулли өнгөрсөн хугацаанд салбарын захирлуудтай хамгийн олон буюу нийт 13 удаа уулзсан нь албан ёсны хуваариас тодорхой болов. Тэрбээр 'NextDC' компанийн удирдлагуудтай найм болон есдүгээр сарын хугацаанд гурван долоо хоногийн зайтай гурван ч удаа биечлэн уулзжээ. Үүнээс ердөө 1 сарын дараа Мельбурн хот дахь өргөтгөлийн цахилгааны шон барих ажил орон нутгийн иргэдийн эсэргүүцлээс үүдэн түр зогссон түүхтэй.
Эдгээр уулзалтуудын дараа ерөнхий сайд өгөгдлийн төв барих зөвшөөрлийг орон нутгийн зөвлөлийн мэдэлд үлдээлгүй шуурхай шийдвэрлэх тусгай журмыг албан ёсоор зарласан юм. Мөн тэрбээр өнгөрсөн есдүгээр сард АНУ руу айлчилж, хиймэл оюуны 'Anthropic' компанитай 31.9 тэрбум долларын өртөг бүхий аварга өгөгдлийн төв барих хэлэлцээрийг хийжээ.
Шинэ Өмнөд Уэльс, Викториа, Тасмани, Квийнслэнд болон Нийслэлийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн уг уулзалтуудын ихэнх нь 2026 оны хуваарьт тусгагдсан онцлогтой байв. 'Транспэрэнси Интернэшнл Австрали' байгууллагын гүйцэтгэх захирал Клэнси Мүүр холбооны засгийн газрын түвшинд ерөнхий сайдтай хийсэн уулзалтын бодит тоог хянах эрх зүйн зохицуулалт сул байгааг онцоллоо.
Үүнээс гадна энэ онд Тасмани мужийн 'Firmus Technologies' компани сайд нартай 10 удаа уулзсан бөгөөд орон нутгийн иргэд төслийн мэдээлэл хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Сайд нартай хамгийн олон удаа уулзсан компаниудад 'Amazon Web Services', 'Macquarie Technology Group' болон 'NextDC' нар тэргүүлжээ.
Түүнчлэн холбооны засгийн газрын төрийн албаны удирдах түвшний 4 албан тушаалтан ажлаа өгч, 'OpenAI', 'AirTrunk', 'CDC' зэрэг технологийн томоохон байгууллагад орсон нь анхаарал татаж байна.


