Миний тохиргоо

Их Британийн эмнэлгүүд төсвийн таналтын улмаас хүнд байдалд оров

Английн Үндэсний эрүүл мэндийн алба буюу NHS-ийн харьяа 31 эмнэлгийн траст төсвийн зардлаа танах шаардлага хүлээж, үйл ажиллагаа нь доголдох эрсдэлтэй тулгарсныг албан ёсоор анхаарууллаа. Эдгээрээс 27 байгууллага санхүүгийн гачигдлыг өөрсдийн хамгийн том аюул гэж тодорхойлсон байна. Түүнчлэн зургаан траст тус эрсдэлийг үнэлгээний хамгийн дээд оноо болох 25-аар үнэлжээ. Тэдний дунд Лондоны Кингс коллеж эмнэлэг энэ жил 85 сая фунт, Сент Жорж болон Эпсом групп 91 сая фунт стерлинг хэмнэхээр төлөвлөж байна.

Эмнэлгийн удирдлагууд санхүүгийн хүндрэлийг эм тарианы үнийн өсөлт, ажилчдын цалингийн нэмэгдэл, зуны хэт халалтын ачаалал болон цахим системд шилжих зардалтай холбон тайлбарлав. Харин салбарын удирдах төв байгууллага төсвийг тэнцвэржүүлэхийг хатуу шаардсаар байгаа юм. Үүний бодит үр дагавраар Кент мужид хавдрын сувилагч нарын нэмэлт цагийн хөлсийг бууруулснаас шалтгаалан өвчтөнүүд хими эмчилгээгээ сар хүртэл хугацаагаар хүлээхэд хүрчээ.

Орон нутгийн эмнэлгүүд ч төсвөө танахын тулд тусламж үйлчилгээгээ шат дараалан хумихаас өөр аргагүй болов. Тухайлбал Йорк ба Скарборо траст нэг сая фунт хэмнэхийн тулд Бридлингтон эмнэлгийн 28 ортой тасгийг хаахаар шийдвэрлэжээ. Мөн Харрогейт хотын траст 15 жилийн турш хөдөөгийн өргөн бүс нутагт үзүүлж ирсэн цагаас гадурх өрхийн эмчийн тусламжаа санхүүжилтгүйн улмаас бүрэн зогсоож байгаагаа зарлав.

Шервүүд Форест траст жилд 150000-аас 200000 фунт стерлинг хэмнэхийн тулд усан нөхөн сэргээх эмчилгээний төвөө хаахаар төлөвлөсөн нь иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарав. Энэхүү усан сан нь урт хугацааны өвчтэй болон осол гэмтэлд өртсөн жилд дунджаар 1500 хүнийг нөхөн сэргээхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг байжээ. Үүний сацуу Торбэй ба Өмнөд Девон траст 100 сая фунтын алдагдлаа нөхөх зорилгоор эмнэлгийн бус 199 орон тоог цомхотгохоор болсон байна. Тэд 11 дүгээр сарын 5-ны удирдах зөвлөлийн хурлаараа 54.4 сая фунт хэмнэх хөтөлбөрийн хүрээнд хүсээгүй хатуу арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Эмнэлгийн удирдлагууд сүүлийн 10 жилийн хугацаанд санхүүгийн ийм хүнд дарамт үзээгүйг онцолж, энэ жил төсвөө тэнцвэржүүлж чадах траст цөөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Зардал танах үүднээс Ноттингем их сургуулийн эмнэлэг 2026-27 он гэхэд 1279 ажлын байр цомхотгох бол Барц хэлф 1100 ажилтнаа цөөлөхөөр бэлтгэж байна. Эрүүл мэндийн яамны 2025-26 оны төсөв 217 тэрбум фунт хүрсэн хэдий ч өвөл ойртож байгаа энэ үед эмнэлгүүдийн орны хүрэлцээ болон боловсон хүчний дутагдал ноцтой хэвээр байна.

The Guardian UKThe Guardian UK · Эх сурвалж