Казахстан, Словак улсын гадаад хэргийн яам хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт Словакийн нийслэл Братислав хотноо боллоо. Уулзалтаар талууд худалдаа, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа болон тээврийн дэд бүтцийн холболтыг өргөжүүлэх асуудлыг хөндөн хэлэлцсэн байна. Тус хэлэлцээнд Казахстаны төлөөлөгчдийг Гадаад хэргийн дэд сайд Арман Исетов, Словакийн талыг Гадаад болон Европын хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Марек Эшток нар тэргүүлэн оролцов.
Энэхүү уулзалтын гол зорилго нь Словакийн Ерөнхий сайд Роберт Фицогийн 2025 оны зургаадугаар сарын 10-11-нд Казахстанд хийсэн албан ёсны айлчлалын үеэр хүрсэн тохиролцоонуудыг ажил хэрэг болгоход чиглэв. Мөн хоёр талын харилцааг шинэ шатанд гаргах хэтийн төлөв, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Түүнчлэн Братислав хотноо 2027 оны нэгдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комиссын 11 дэх хуралдааны бэлтгэл ажлыг хоёр тал нарийвчлан хэлэлцэв. Энэ хүрээнд эрчим хүч, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи болон боловсролын салбарыг хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдээр тодорхойлсон байна.
Тээвэр, логистикийн салбарын хүрээнд төлөөлөгчид Каспийн тэнгис дамнасан олон улсын тээврийн чиглэлийн чадавхыг ашиглан Төв Ази болон Төв Европын хоорондын тээврийн сүлжээг бэхжүүлэх боломжийг авч үзлээ. Үүнээс гадна боловсролын салбарт оюутан солилцоог нэмэгдүүлэх, хоёр орны их сургуулиудаар дамжуулан нарийн мэргэжилтэн бэлтгэх, хөдөлмөрийн цагаачлалын эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг онцолсон байна.
Уулзалтын төгсгөлд дипломатууд бүс нутгийн болон олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцож, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд нягт хамтран ажиллахаа дахин нотлов.


