Казахстан улс бүс нутгийн нисэхийн гол зангилаа төв болох зорилтынхоо хүрээнд АНУ-ын Кент мужийн их сургуулийн (Kent State University) салбарыг эх орондоо нээхээр төлөвлөлөө. Тус салбар сургууль нь нисгэгч, нисэхийн инженер болон агаарын хөдөлгөөний удирдагч нарыг бэлтгэхэд анхаарна.
Энэхүү төслийн урьдчилсан тохиролцоонд Казахстаны Ерөнхий сайдын орлогч бөгөөд Тээврийн сайд Асел Жанасова болон Кент мужийн их сургуулийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч бөгөөд проректор Мелоди Танкерсли тэргүүтэй төлөөлөгчдийн уулзалтын үеэр хүрснийг тус улсын Тээврийн яам 11 дүгээр сарын 21-нд мэдээлэв.
Талуудын яриа хэлэлцээ нь нисэхийн боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын стандартыг Казахстанд нэвтрүүлэхэд чиглэжээ. Кент мужийн их сургууль нь нисэхийн салбарын мэргэжилтэн бэлтгэх арвин туршлагатай төдийгүй өөрийн нисэх онгоцны буудал, дадлагын агаарын хөлгийн парктай тул оюутнуудад бодит нислэгийн дадлага хийх өргөн боломж олгодог байна.
Шинээр байгуулагдах салбар нь зөвхөн Казахстан төдийгүй Төв Азийн бүс нутгийн хэмжээнд боловсон хүчин бэлтгэх үүрэг гүйцэтгэнэ гэж тооцоолж байна. Сайд Асел Жанасова бүс нутгийн нисэхийн тэргүүлэгч төв болох Казахстаны зорилгод олон улсын дэвшилтэт стандартыг нэвтрүүлж, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх явдал чухал болохыг онцлов. Уулзалтын төгсгөлд талууд хамтарсан боловсролын төслүүдийг дэмжихээ илэрхийлж, ажлын хэсгийн түвшинд төслийг үргэлжлүүлэн боловсруулахаар тогтлоо.


