Өмнөд Солонгосын Дээд шүүх экс Ерөнхийлөгч Юн Сок Ёлын онц байдал зарлах бүтэлгүй оролдлогод оролцсон хэргээр Ерөнхий сайд асан Хан Док Сүд оноогоод байсан 15 жилийн хорих ялыг пүрэв гарагт хүчингүй болголоо. Шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сөүлийн Дээд шүүх рүү буцаав. Шууд дамжуулсан шүүх хуралдааны үеэр ерөнхий шүүгч Чу Хи Дэ 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд зарласан онц байдлыг үндсэн хууль зөрчсөн, хууль бус үйлдэл байсан гэж тодорхойллоо.
Дээд шүүх Хан Док Сүгийн онц байдал зарлахаас өмнөх үйлдлүүд, тухайлбал зарлигийг хууль ёсны харагдуулахын тулд Засгийн газрын хуралдаан зарлах санал гаргасныг гэм буруутайд тооцсон доод шатны шүүхийн шийдвэрт эргэлзээтэй зүйл байна гэж үзэв. Тухайн үеийн цаг үеийн эгзэгтэй нөхцөл байдлыг харгалзан үзвэл түүнийг Үндсэн хуулийг нураан унагах зорилготой байсан эсэхийг шууд нотлоход бэрхшээлтэй гэж тайлбарлажээ.
Харин онц байдал зарласны дараа Засгийн газрын гишүүдийн гарын үсгийг цуглуулахаар оролдсон, мөн зарим хэвлэл мэдээллийн байгууллагын цахилгаан, усыг таслах тушаалыг хэрэгжүүлэх асуудлыг хянасан зэрэг үйлдлийг нь гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн юм. Иймээс шүүх Хан Док Сүгийн цагдан хорих хугацааг үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ. Түүнийг хорих үндсэн хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө энэ шийдвэр гарсан байна.
Хан Док Сү анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ял сонсож, өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш Сөүлийн Уйван дахь хорих төвд хоригдож байв. Сөүлийн Дээд шүүх тавдугаар сард зарим зүйл ангийг хэрэгсэхгүй болгосноор түүний ялыг 15 жил болгон бууруулаад байсан юм. Түүнчлэн уг хэргийн гол эзэн буюу төрийн эргэлт хийхийг завдсан гэм буруутай нь тогтоогдсон Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлд өнгөрсөн хоёрдугаар сард бүх насаар нь хорих ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүх нэгдүгээр сарын 26-нд эцсийн шийдвэрээ гаргахаар төлөвлөжээ.


