Иракийн өмнөд нутгийн цахилгаан станцад бямба гарагт хүчтэй гал түймэр гарсны улмаас наад зах нь дөрвөн хүн амь үрэгдэж, 35 хүн бэртсэн талаар тус улсын төрийн мэдээллийн агентлаг (INA) уламжлав.
Иракийн Иргэний хамгаалалтын газар Харта цахилгаан станц болон зэргэлдээх орон сууцны барилгуудад тархсан галыг бүрэн хянаж, унтраасан байна. Нийт 800 мегаваттын хүчин чадалтай тус цахилгаан станц гал гарсны дараа үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ.
Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгүүдэд ослын газраас их хэмжээний утаа суунаглаж, шатсан автомашинууд болон аврах ажиллагааг харж зогссон олон тооны иргэд харагдаж байна. Одоогоор гал гарсан шалтгааныг албаныхан хараахан тогтоогоогүй байгаа аж.
Иракийн эрчим хүчний салбар олон арван жилийн турш хөрөнгө оруулалт хомсодсон, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хангалтгүй хийгдсэн зэргээс шалтгаалан оргил ачааллыг даахад ихээхэн хүндрэлтэй байдаг юм. Ялангуяа зуны халуун саруудад цахилгаан станц, дэд станцуудад гал гарах болон техникийн саатал байнга гарч, цахилгаан хангамж тасалдахад хүргэдэг байна.


