АНУ: Делавэр мужид сүүлийн 35 жилд анх удаа хуй салхи дэгдэв
АНУ-ын Цаг уурын алба Делавэр мужийн Ньюарк хотын өмнөд хэсэгт EF1 ангиллын хүчтэй хуй салхи буусныг албан ёсоор баталлаа. Энэхүү хуй салхи 160 метрийн өргөнтэй байсан бөгөөд 4.4 миль буюу 7.1 километр урт зурвасаар дайран өнгөрсөн байна. Байгалийн үзэгдлийн үеэр салхины дээд хурд цагт 161 километр хүрсэн ч азаар хүн бэртэж гэмтээгүй ажээ.
Хүчтэй салхины улмаас орон сууцнуудын дээвэр, цонх эвдэрч, зочид буудлын том хаяг унаснаас гадна I-95 хурдны зам дээр том оврын ачааны машин онхолдсон байна. Тус мужид жилд цөөн тооны хуй салхи тохиолддог ч 1950 оноос хойш арваннэгдүгээр сард ердөө хоёр дахь удаагаа бүртгэгдсэн нь энэ юм. Өмнөх тохиолдол нь 1989 онд бүртгэгдэж байжээ.
Аргентин: Бейсболын бөмбөгийн чинээ мөндөр орлоо
Аргентин улсын төв бүсийн Кордоба мужийг ширүүн аадар шуурга дайран өнгөрөх үеэр голч нь 7.5 сантиметр хүрсэн том хэмжээний мөндөр оров. Мужийн зарим бүс нутагт бямба гаргийн өглөө ердөө зургаан цагийн дотор 73 миллиметр хүртэл хур тунадас буужээ. Цаг агаарын ийм аюултай үзэгдэл жилийн энэ улиралд нийтлэг ажиглагддаг байна.
Амазоны сав газраас ирэх чийглэг агаар Андын нуруутай мөргөлдөн түргэн хөрч өтгөрснөөр бороо, аянга цахилгаан, том мөндөр болон хуй салхи дагуулдаг үүл үүсдэг ажээ. Орон нутгийн удирдлагууд цаг агаарын гэнэтийн таагүй үзэгдлийн үеэр анхаарал болгоомжтой байхыг оршин суугчдад анхааруулж байна.
Энэтхэг: 'Акван' хар салхи эрэг рүү ойртож байна
Энэтхэгийн Цаг уурын газраас Бенгалын буланд үүссэн агаарын нам даралтын бүс далайн хар салхи болон эрчимжих төлөвтэй байгааг анхааруулав. Баасан гаргийн өглөө үүссэн тус тогтолцоо ням гараг гэхэд гүнзгийрч, мягмар гараг гэхэд албан ёсоор циклоны зэрэгт шилжинэ гэж урьдчилан таамаглажээ. Хэрэв шуурга бүрэн хүчээ авбал энэ улирлын гурав дахь хар салхи болж, 'Акван' хэмээн нэрлэгдэх юм.
Шуурга баруун хойд чиглэлд шилжин пүрэв гарагт Энэтхэгийн зүүн эргийг чиглэн нэвтрэх төлөвтэй байгаа аж. Одоогийн байдлаар зүүн эрэг орчмын бүсүүдэд сонор сэрэмжийн зэрэг тогтоогоод байгаа бөгөөд Андхра Прадеш болон Одиша мужуудад аюулын бэлэн байдал зарлаад байна.


