Казахстаны Ерөнхий сайд Олжас Бектенов арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зөвлөлийн хуралдааныг даргалан, олон улсын бизнесийн төлөөлөгчидтэй уулзав. Уулзалтаар эрүүл мэндийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах, дэвшилтэт инновац нэвтрүүлэх, эмийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх болон орчин үеийн эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг голчлон хэлэлцлээ.
Засгийн газрын тэргүүн Олжас Бектенов иргэдийн эрүүл мэндийг хамгаалах заалтыг Казахстаны Үндсэн хуульд анх удаа тусгасныг онцлов. Тэрбээр төрийн тэргүүний өгсөн чиглэлийн дагуу эмнэлгийн дэд бүтцийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай хослуулан эрчимтэй барьж байгуулах шаардлагатайг сануулав. Энэ хүрээнд тус улс 2029 он хүртэлх эрүүл мэндийг хөгжүүлэх болон 2024–2030 оны дэд бүтцийг сайжруулах үзэл баримтлалыг хэрэгжүүлж байна.
Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд Казахстаны хүн амын дундаж наслалт 76 дөхөж өсжээ. Хөдөөгийн эрүүл мэндийг шинэчлэх төслийн хүрээнд орон нутгийн нэг сая орчим иргэнд чанартай эмнэлгийн үйлчилгээ хүрэх нөхцөл бүрдсэн байна. Тус улсын бүс нутгуудад сүүлийн гурван жилийн хугацаанд 800 гаруй эрүүл мэндийн төв шинээр ашиглалтад орсон бөгөөд цаашид 70 байгууламж нэмж барихаар төлөвлөжээ. Эдгээрийн дунд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарсан их сургуулийн болон хүүхдийн нэгдсэн эмнэлгүүд багтаж байна.
Казахстаны эмийн зах зээлийн нийт эргэлт өнгөрсөн онд 31 хувиар өсөж, 1.2 их наяд тенге буюу 2.5 тэрбум ам.доллар давлаа. Мөн тус улс өнгөрсөн дөрөвдүгээр сард үндэсний зохицуулалтын тогтолцоогоороо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын гуравдугаар түвшний үнэлгээг хангасан Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн анхны орон болсон юм. Үүнээс гадна зохицуулалтын өндөр стандарттай орнуудын эмийг бүртгэх хугацааг ажлын 15 өдөр болгон богиносгож, нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлжээ.
Хуралдааны үеэр гадаадын түншүүд санал бодлоо хуваалцав. АНУ-аас Казахстанд суугаа Элчин сайд Жули Стафф эрүүл мэнд болон эмийн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалтын тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой орчин бүрдүүлэх нь нэн чухал гэдгийг онцоллоо. Түүнчлэн 'Johnson & Johnson Kazakhstan' компанийн захирал Адилет Назарбаев төсвөөс нөхөн олговор олгох эмийн жагсаалтыг шинэчлэх, салбарын санхүүжилтийг шат дараатай нэмэх саналыг танилцуулав.
'AstraZeneca Kazakhstan' компанийн ерөнхий захирал Елена Трогова ховор өвчтэй хүмүүст шаардлагатай эмийн хүртээмжийг сайжруулах, эмчилгээний залгамж чанарыг хадгалахын тулд холбогдох жагсаалтыг боловсронгуй болгохыг уриаллаа. Мөн Казахстаны Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал Жефф Эрлих олон улсын бизнес эрхлэгчдийн санал, зөвлөмжийг нэгтгэн илэрхийлэв.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Ерөнхий сайд холбогдох төрийн байгууллагуудад гадаадын эмийн компаниудын гаргасан саналуудыг нарийвчлан судалж, хэрэгжүүлэх үүрэг өглөө. Казахстан улс цаашид эмийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, дэвшилтэт техник технологи нутагшуулах замаар хүн амдаа чанартай тусламж үзүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллахаар шийдвэрлэв.


