Данийн Дээд шүүх даваа гарагт орон сууцны хорооллоо 'хатуу гетто' гэсэн ангилалд орохоос сэргийлж 91 түрээсийн гэрээг цуцалсан байгууллагын талд шийдвэр гаргав. Энэхүү алхам нь нийгмийн интеграцыг сайжруулах зорилгоор барууны бус гаралтай иргэдийг цөөнх олноор суурьшсан бүсээс нүүлгэн шилжүүлэх боломж олгодог 2018 оны хуулийг бүрэн дэмжлээ.
Холбогдох хуулийн дагуу цөөнх хэт төвлөрсөн нийтийн орон сууцны хорооллууд нийгмийн бүтцээ шинэчлэн өөрчлөх үүрэгтэй бөгөөд 2030 он гэхэд нийт байрны 60 хувийг барууны иргэдэд зах зээлийн үнээр түрээслүүлэх шаардлага тавьж байна. Данийн Орон сууцны сайд Якоб Марк шүүхийн шийдвэрийг дэмжиж, энэ нь аюулгүй байдал болон нийгмийн нэгдмэл байдлыг бэхжүүлнэ гэж мэдэгдэв.
Копенхаген хотоос хойд зүгт орших Хельсингөр хотын Нойсомхед дүүргээс албадан нүүлгэхийг эсэргүүцсэн долоон оршин суугчийн гомдлыг шүүх хэрэгсэхгүй болгожээ. Дээд шүүх уг шийдвэрийг гаргахдаа угсаатны гарал үүсэлд тулгуурлаагүй тул ялгаварлан гадуурхсан хэрэг биш гэж үзсэн нь тус хуулийг ялгаварлал дагуулж болзошгүй хэмээн үзсэн ЕХ-ны дээд шүүхийн дүгнэлттэй зөрчилдөж байна.
Түрээслэгчдийн холбооны тооцоолсноор энэхүү хуулийг хэрэгжүүлэхийн тулд Дани даяар нийт 11000 орчим хүнийг шилжүүлэн суулгах шаардлага үүсэх төлөвтэй байна. Харин тухайн орон сууцны холбоо албадан нүүлгэлтэд өртсөн оршин суугчдад шинэ байр олоход бүх талын арга хэмжээ авч буйгаа бичгээр мэдэгджээ.
Данийн Статистикийн хорооны тодорхойлолтоор барууны бус орнуудад Европын Холбооны гишүүн 27 улс болон Их Британи, АНУ зэрэг барууны хөгжингүй орнуудаас бусад бүх улс багтдаг. Дани улс цагаачлалын хатуу бодлогоороо ЕХ-нд загвар болж байгаагийн сацуу өнгөрсөн долоо хоногт Руанда улсад орогнол хүсэгчдийн албадан гаргалт хийх төв байгуулахаа зарласан таван улсын нэг болсон юм.


