Казахстан улс чухал ашигт малтмалын салбарт үйлдвэрлэл, технологийн урт хугацааны түншлэл хөгжүүлэх урилгыг АНУ-ын бизнес эрхлэгчдэд хүргүүллээ. Вашингтон хотноо арваннэгдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд болсон B20 дээд хэмжээний уулзалтын үеэр 'Атамекен' үндэсний бизнес эрхлэгчдийн танхимын Тэргүүлэгчдийн дарга Канат Шарлапаев тус улсын өрсөлдөх давуу талуудыг танилцуулсан байна.
Тэрбээр Казахстаны давуу талыг ашигт малтмалын төрөлжсөн нөөц, хөгжсөн дэд бүтэц, ойлгомжтой бөгөөд таатай зохицуулалт, чадварлаг боловсон хүчин гэсэн дөрвөн үндсэн хүчин зүйлийн цогц гэж тодорхойлов. Түүний мэдээлснээр 2022-2025 онд Казахстаны металлын хүдрийн олборлолтод оруулсан хөрөнгө оруулалт 62 орчим хувиар өссөн бол геологи хайгуулын салбарын нийт санхүүжилт 2.5 дахин нэмэгдэж 1 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Шарлапаев ашигт малтмалыг гүн боловсруулах, технологи нутагшуулах болон аж үйлдвэрийн хөгжлийн боломжуудыг онцоллоо. Тухайлбал, 65 сая тонноос давсан нөөцтэй Сарытоган бал чулууны төсөл, 'Таза Металл Технологис' компанийн өндөр цэвэршилттэй манганы сульфатын үйлдвэрлэл, мөн неодим, празеодим зэрэг газрын ховор элемент илрүүлсэн Акбулак хамтарсан хайгуулын төслийг жишээ болгов. Казахстанд одоогоор Rio Tinto, Fortescue, Ivanhoe Mines, Arras Minerals, B2Gold, East Star Resources зэрэг олон улсын томоохон компаниуд үйл ажиллагаа явуулж байна.
Дээд хэмжээний уулзалтын үеэр Шарлапаев 'Tenfore Holdings' компанийн үүсгэн байгуулагч Дэн Левинтэй уулзаж дэвшилтэт үйлдвэрлэл, робот техник, ухаалаг ложистик болон хиймэл оюун ухааны чиглэлээр хамтрах талаар ярилцлаа. Мөн Гадаад харилцааны зөвлөлийн Газарзүй, эдийн засгийн судалгааны төвийн ахлах судлаач Хейди Кребо-Редикертэй уулзаж дэд бүтэц, чухал ашигт малтмал дахь хувийн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл болон жижиг, дунд бизнесийг урт хугацаанд санхүүжүүлэх асуудлаар санал солилцсон байна.


