Их Британийн парламентын гишүүд хямд барааны 'Poundland' сүлжээг эзэмшигч 'Gordon Brothers' компанийг бизнес нь эгзэгтэй байдалд байх үед сая сая фунт стерлинг татаж авсан гэж буруутгалаа. Их Британи болон Ирландад 600 салбартай, 12 мянган ажилтантай тус сүлжээ дампуурлаас сэргийлэх хугацааг дахин хоёр долоо хоногоор сунгуулахаар Дээд шүүхэд хүсэлт гаргахаар төлөвлөжээ.
Парламентын бизнесийн хорооны дарга Лиам Бирн эзэмшигч компанийн Европын салбарын тэргүүн Марк Ньютон-Жонсоос хаалттай мэдүүлэг авсны дараа уг мэдэгдлийг хийсэн юм. Тэрбээр 'Gordon Brothers' сүүлийн 17 сарын хугацаанд тус сүлжээнээс их хэмжээний хөрөнгө гаргаж, мянга мянган ажлын байрыг эрсдэлд оруулсан явдалд гүнээ түгшиж буйгаа илэрхийлэв.
Эзэмшигч компани тус сүлжээг 2025 оны зургаадугаар сард 'Pepco' групээс бэлгэдлийн чанартай 1 фунтээр худалдан авч байжээ. Энэ наймааны үеэр шилжүүлсэн 30 сая фунтын өрийн 7.5 саяыг 'Pepco' одоо ч эзэмшдэг бөгөөд сүлжээг аврахын тулд төлбөрийг хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Одоогоор гурван худалдан авагч сүлжээг бүхэлд нь авахаар хэлэлцэж байгаагаас 'Martin Property Group' компани урьдчилгаа 7 сая хүрэхгүй фунт буюу нийт өрийн тал хувийг санал болгож байв. Харин 'Xyra Group' 12 сая фунтыг шууд, нийт дүнгээр 30 сая фунтэд дөхөх санал дэвшүүлсэн ч жижиглэн худалдааны туршлагагүй тул тодорхойгүй хэвээр үлджээ.
Шүүх зээлдүүлэгчдээс хамгаалах 10 ажлын өдрийн хугацааг сунгахыг зөвшөөрөхгүй бол тус сүлжээ дампуурлын удирдлагад шилжихэд бэлэн болоод байна. Гэсэн хэдий ч 'Gordon Brothers' дэлгүүрүүдийн бараа татан авалтыг үргэлжлүүлэх зорилгоор 10 сая фунтын санхүүжилтийг нэмж олгохоор зөвшөөрчээ.


