Миний тохиргоо

АНУ-ын хоригийг үл харгалзан Хятадын их сургууль Nvidia-гийн чип худалдан авчээ

АНУ-ын экспортын хар жагсаалтад багтсан, армийн харьяа судалгааны байгууллага болох Хятадын Баруун Хойд Политехникийн их сургууль өнгөрсөн сард Nvidia компанийн хүчирхэг H200 загварын хиймэл оюуны чипүүдийг худалдан авчээ. Хятадын батлан хамгаалахын салбарын элит долоон сургуулийн нэгд тооцогддог тус сургууль аравдугаар сарын 21-ний худалдан авалтын тайландаа хоёр ширхэг чипийг 874,700 юань буюу ойролцоогоор 123,000 ам.доллароор авснаа мэдээлсэн талаар Ройтерс агентлаг онцолсон байна.

Тус худалдан авалтыг Nvidia компаниас шууд хийгээгүй бөгөөд сургуулийн удирдлагын салбарын хэрэгцээнд зориулан Хятадын дотоодын 'Shaanxi Bosuan Network Technology' компаниар дамжуулан гүйцэтгэжээ. Үүнээс гадна тус их сургууль энэ онд Хятадын бусад компаниудтай нийт таван гэрээ байгуулж, H200 болон бусад хүчирхэг процессоруудын тооцоолох хүчин чадлыг түрээслэн ашиглах эрхийг олж авсан нь худалдан авалтын бүртгэлээс харагдсан байна.

Шиань хотод байрладаг Баруун Хойд Политехникийн их сургууль нь цэргийн нисэх онгоц, пуужин болон сансрын хиймэл дагуулын чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг гол төвүүдийн нэг юм. АНУ-ын Худалдааны яам пуужингийн тархалт болон цэргийн технологийн судалгаанд холбогдсон гэх үндэслэлээр уг сургуулийг 2001 онд худалдааны хар жагсаалтад оруулсан бөгөөд 2019 онд хяналтаа улам чангатгаж, тус байгууллагад дэвшилтэт технологи нийлүүлэх тусгай зөвшөөрөл олгохоос бүрэн татгалзах бодлого баримталж эхэлсэн билээ.

Ройтерс агентлаг Хятадын байгууллагуудын энэ оны 26 худалдан авалтын баримтыг шалгахад батлан хамгаалахын салбартай холбоотой хэд хэдэн их сургууль, хүрээлэнгүүд АНУ-аас хориглосон чипүүдийг дотоодын нийлүүлэгчдээс шууд авах юм уу серверүүдийг нь түрээслэх замаар хязгаарлалтыг тойрч гарч буйг илрүүлжээ. Хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа нэгдүгээр сараас зарим H200 чипийг Хятад руу тусгай зөвшөөрлөөр экспортлохыг зөвшөөрсөн ч хар жагсаалтад орсон байгууллагуудад тавьсан хориг хэвээр үйлчилж байгаа юм.

Энэхүү үйл явдал нь Nvidia компани болон түүний гүйцэтгэх захирал Женсен Хуангийн хувьд Вашингтоны шахалт, хяналт эрс чангарч буй үед тохиож байна. Сенатын Банкны хорооны гишүүн, Бүгд найрамдах намын сенатор Кевин Крамер захирал Хуаныг албан тушаалаасаа огцрохыг шаардсан байна. Тэрээр Женсен Хуаны Хятадын тагнуулын албатай холбоотой гэгдэж буй эмэгтэйтэй тогтоосон харилцаа нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

АНУ-ын Конгрессын гурван Байнгын хорооны дарга нар арваннэгдүгээр сарын 18-ны өдөр уг асуудлаар Хуантай биечлэн уулзаж, мэдээлэл авахаар шаардаад байна. Харин Женсен Хуан өнгөрсөн ням гарагт хувийн амьдралын асуудлаа хүлээн зөвшөөрсөн ч компанийн зүгээс нууц мэдээлэл алдагдсан ямар нэг баримт байхгүй гэж мэдэгдсэн юм. Улмаар Nvidia-гийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 63 настай гүйцэтгэх захирлыг гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг тодруулахаар хараат бус шалгалт эхлүүлээд байна.

Al JazeeraAl Jazeera · Эх сурвалж