Миний тохиргоо

Өрийн зардал огцом өссөн нь Францын тогтвортой байдалд заналхийлж байна

Францын Засгийн газар олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөний хариуд сургуулиудыг 2030 он гэхэд шинэчлэхэд 4 тэрбум еврогийн хөнгөлөлттэй зээл олгох, их сургуулиудад 2029 он гэхэд 1 тэрбум евро хуваарилах зэрэг өндөр өртөгтэй амлалтуудыг өгч эхэллээ. Гэвч парламентад олонхын суудалгүй, улс төрийн хэт туйлшралд гацсан Парисын эрх баригчдад энэ бүх зардлыг санхүүжүүлэх бодит төсөв байхгүй байгаа юм. Тус улсын өр өдгөө дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 120 орчим хувьтай тэнцэж байгаа бол дэд бүтэц, батлан хамгаалах салбартаа 600 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийж буй хөрш Германы өрийн харьцаа 65 хувьтай байна.

Санхүүгийн үнэлгээний хувьд Герман улс зээлжих зэрэглэлийн хамгийн дээд 'AAA' үнэлгээгээ хадгалж, төлөв нь тогтвортой хэвээр байгаа бол Францын зэрэглэл агентлагуудаас хамааран 'AA', 'A+', 'Aa3' болж буурчээ. Түүнчлэн олон улсын хэд хэдэн агентлаг тус улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг 'сөрөг' гэж үнэлсэн байна. Үүний улмаас Францын Засгийн газар зээл авахдаа Берлинээс хамаагүй өндөр хүү төлөхөд хүрэв. Германы засгийн газрын бондтой харьцуулахад Францын эрсдэлийн шимтгэл буюу спред санхүүгийн хямралаас хойших хамгийн дээд хэмжээндээ хүрч, Франц 10 жилийн хугацаатай бондын хүүд Германаас бараг 1.6 нэгж хувиар илүү төлж эхэллээ.

Энэхүү спред нь бондын зах зээлийн хувьд халуун хэмжигч багаж шиг үйлчилдэг болохыг Европын эдийн засгийн судалгааны Лейбниц төвийн эдийн засагч Фридрих Хайнеманн тайлбарлав. Хэрэв эрсдэлийн шимтгэл хэт огцом өсвөл Францын санхүүжилтийн нөхцөл хүндэрч, зээл авах хүсэлтэй хүн бүр өндөр хүү төлөхөөс өөр аргагүй болох тул банкууд асуудалд орж, улмаар бодит эдийн засгийн хямралд хүрч болзошгүйг тэрээр анхааруулсан юм. Франц улс хамгийн сүүлд 2011 оны сүүлээр еврогийн бүсийн өрийн хямралын үеэр ийм өндөр эрсдэлийн шимтгэл төлж байсан ба 2026 оны зургаадугаар сараас хойш Германтай харьцуулах зөрүү хоёр дахин нэмэгдсэн байна.

Хүүгийн зардал нэмэгдэхийн хэрээр улсын төсвийн үлэмж хэсэг нь зөвхөн өрийг үйлчлэхэд зарцуулагдаж байна. Франц улс 2026 онд улсын нийт өрийн хүүнд 79 тэрбум гаруй евро төлөх төлөвтэй байгаа бол энэ дүн 2027 онд 91 тэрбум евро давж, 2030 он гэхэд 125-132 тэрбум еврод хүрэх тооцоо гарчээ. Францын Сангийн агентлагийн мэдээлснээр зөвхөн төв засгийн газрын өрийн хүүгийн төлбөр өдгөө 62.6 тэрбум еврогоор үнэлэгдэж байна. Тус улс ирэх жилүүдэд хүү түүхэн доод түвшинд байх үед гаргасан бондуудаа өндөр хүүтэйгээр дахин санхүүжүүлэх сорилттой тулгараад буй бөгөөд төсвийн их хэмжээний алдагдлаас болж нэмэлт өр тавихаас өөр гарцгүй байгаа аж.

Нөгөө талд Германы эдийн засаг ч мөн хүүгийн зардал өсөх дарамтад өртөж байна. Тус улсын Холбооны Засгийн газрын төлдөг байсан 30 тэрбум орчим еврогийн өрийн хүүгийн төлбөр ойрын хэдэн жилд гурав дахин нэмэгдэж, 2030-аад оны эхээр 90 тэрбум еврог давах төлөвтэй байгааг Хайнеманн тооцоолжээ. Улмаар Германы холбооны төсөвт жил бүр 100 тэрбум еврог зөвхөн өрийн хүүнд төлөх цаг ойрхон байгааг тэрээр анхааруулсан байна.

Эдийн засгийн энэхүү хүнд нөхцөл байдал Францын улс төрийн маргаанд бодитой нөлөө үзүүлэхгүй байна. Барууны болон зүүний хэт туйлширсан намууд аль аль нь төсөвт дарамт болох бодлогоо сурталчилсаар байна. Тухайлбал, 'Үндэсний нэгдэл' намын удирдагч Марин Ле Пен тэтгэврийн насыг эргүүлэн 62 болгохыг шаардахын сацуу 140 тэрбум еврогийн хэмнэлт амлаж байгаа бол 'Үл бөхийх Франц' намын тэргүүн Жан-Люк Меланшон Францын төв банкинд хадгалагдаж буй засгийн газрын бондуудыг зүгээр л устгах хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлжээ. Бонны их сургуулийн судлаач Ландри Шаррьегийн тэмдэглэснээр тус улсын иргэдийн 56 хувь нь татварт төлдөг мөнгөнөөсөө илүү хэмжээний тэтгэмж, үйлчилгээ авдаг тул өнөөгийн тогтолцоог хэвээр хадгалах сонирхол давамгайлж, асуудлын бодит ноцтой байдлыг олон нийт хараахан бүрэн ухамсарлаагүй байна.

Deutsche Welle GermanyDeutsche Welle Germany · Эх сурвалж