Францын хэт зүүний үзэл баримтлалтай 'Үл бөхийх Франц' (LFI) намын удирдагч Жан-Люк Меланшон ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд зүүний хүчнийг төлөөлөн өрсөлдөх гол нэр дэвшигчээр тодорлоо. Түүнийг баруун жигүүрийн өрсөлдөгчид нь 'радикал' гэж шүүмжилдэг бол гудамжинд эсэргүүцэл илэрхийлж буй залуус 'баатар' хэмээн өргөмжилж байна. Меланшон бямба гарагт Парисын хойд дүүрэг дэх Ле Бурже хотод зохион байгуулсан цуглааны үеэр мөрийн хөтөлбөрөө олон нийтэд албан ёсоор танилцууллаа.
Түүний дэвшүүлж буй төлөвлөгөөнд тэтгэврийн насыг 60 болгон бууруулах, сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,700 евро (1,900 ам.доллар)-д хүргэх, стратегийн тодорхой салбаруудыг төрийн мэдэлд эргүүлэн авах зэрэг томоохон өөрчлөлтүүд багтсан юм. Түүнчлэн Францыг НАТО-гийн цэргийн эвслээс гаргах, Европын төв банк Францын өрийг хүүгүй, хугацаагүй зээл болгон өөрчлөх шаардлага тавихаар тусгажээ. Европын холбооны хувьд тус холбоонд үлдэх боловч үндэсний нийгэм, эдийн засгийн бодлогод харшилсан дүрэм журмыг мөрдөхөөс татгалзахыг зорьж байгаа нь Брюссельтэй зөрчилдөх нөхцөл үүсгэж болзошгүй байна.
Есдүгээр сарын дундуур оюутнуудаар эхэлсэн жагсаал амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээний доройтлыг эсэргүүцсэн олон нийтийн хөдөлгөөн болон өргөжсөн нь түүний намын нэр хүнд өсөхөд нөлөөлөв. Меланшон жагсагчдын шаардлагыг тууштай дэмжиж байгаа бөгөөд төсвийн таналтыг зогсоож, нийгмийн хамгаалалд зарцуулах зардлыг нэмэгдүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм. Гэвч Францын төсвийн алдагдал, улсын өр өндөр түвшинд хүрсэн энэ үед эдийн засагчид түүний хөтөлбөрийг Засгийн газрын бондын үнэлгээг унагаж, эрсдэл дагуулна хэмээн сэрэмжлүүлж байна. Ерөнхий сайд Себастьян Лекорню өнгөрсөн есдүгээр сард энэ талаар тайлбар хийхдээ 'Зээл аваад эргүүлж өгөхгүй байхыг хулгай гэдэг' хэмээн мэдэгдэж байв.
Эдгээр өргөн цар хүрээтэй зардлыг санхүүжүүлэхийн тулд 'Үл бөхийх Франц' нам баячууд болон томоохон корпорацуудын татварыг үлэмж нэмэхээр төлөвлөжээ. Тухайлбал, тэрбумтнуудын хөрөнгөд хамгийн багадаа 2 хувийн татвар ногдуулах, эд хөрөнгийн татварыг сэргээх, өндөр өв залгамжлалын татварыг чангатгах зэрэг багтаж байна. Энэ нь чөлөөт зах зээлийн үүсгэсэн тэгш бус байдлыг багасгахын тулд төр эдийн засагт идэвхтэй оролцох ёстой гэсэн Кэйнсийн үзэл санаанд тулгуурласан уламжлалт интервенционист бодлого гэдгийг судлаачид онцолж байгаа юм.
Өдгөө 75 настай Меланшон Мароккод төрсөн бөгөөд хүүхэд ахуйдаа Францад шилжин ирж, философи болон утга зохиолын чиглэлээр боловсрол эзэмшжээ. 1980-аад онд Социалист намд элссэн ч тус нам либерал эдийн засгийн чиг баримжаа руу хазайх үед замаа салгаж, 2008 онд Зүүний намыг үүсгэн байгуулсан нь хожим 'Үл бөхийх Франц' нам болж өргөжсөн түүхтэй. Тэрбээр ажилчин анги болон нийгмийн эмзэг давхаргынхны дунд төдийгүй залуусын дунд өндөр дэмжлэг хүлээж ирлээ.
Энэ долоо хоногийн санал асуулгаар Меланшон 17.5-аас 18 хувийн дэмжлэгтэйгээр зүүний жигүүрийн бусад өрсөлдөгчдөө хол хаяж явна. Түүний ард Социалист намын дэмжлэгийг авсан төвч-зүүн үзэлт Рафаэль Глюксман болон Коммунист нам, Ногоон нам, бие даагч Франсуа Рюффен нар бичигдэж байна. Зүүний эвсэл нэгдэж чадах эсэх нь тус жигүүрийн гол сорилт болоод буйн дээр Меланшоны Палестиныг тууштай дэмжсэн байр суурь, тухайлбал Газад геноцид үйлдэгдэж байна гэж буруутгасан явдал нь түүнийг бусад зүүний улс төрчидтэй зөрчилдөхөд хүргэв.
Хэдийгээр зүүний жигүүртээ манлайлж байгаа ч Меланшоны чансаа хэт барууны 'Үндэсний нэгдэл' намын лидер Марин Ле Пений үзүүлэлтээс хол хоцорч байна. Аравдугаар сард явуулсан 'Toluna Harris Interactive'-ийн санал асуулгаар ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд Ле Пен түүнтэй тунаж үлдвэл 70 хувийн саналаар илт давуу ялах төлөвтэй гарчээ. Мөн өмнөх хамтран зүтгэгчид нь түүнийг хэт зөрүүд, буулт хийдэггүй, намыг автократ маягаар удирддаг хэмээн шүүмжилж буй нь түүний төвийн сонгогчдыг татах боломжийг хязгаарлаж байна.


