Миний тохиргоо

АНУ Бээжинг худалдааны хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд Бээжинг 2025 онд байгуулсан худалдааны хэлэлцээрийн үүргээ бүрэн бөгөөд нэн даруй биелүүлэхийг шаардлаа. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны төлөөлөгч Жэймисон Грир нар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифэнтэй баасан гарагт цахимаар уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг хэлэлцсэн байна.

АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газраас мэдээлснээр, Жэймисон Грир Хятадын тал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авах, түүнчлэн газрын ховор элемент болон бусад нэн чухал ашигт малтмалыг нийлүүлэх талаар хүлээсэн үүргээ бодитоор биелүүлэх нь онцгой ач холбогдолтойг онцлон тэмдэглэжээ. Сангийн сайд Бессент цахим уулзалтын дараа 'X' талбартаа нийтлэхдээ Трампын засаг захиргаа Америкийн ажилчид, тариаланчид болон бизнесийн эрх ашгийг хамгаалж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв.

Энэхүү хэлэлцээрийг хоёр улсын төрийн тэргүүн нар 2025 онд Өмнөд Солонгосын Пусан хотноо болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан юм. Хэлэлцээрийн дагуу АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг 20 орчим хувьд хязгаарласан бол Бээжин ирэх гурван жилийн хугацаанд АНУ-аас 25 сая тонн шар буурцаг худалдан авч, өндөр технологийн салбарт чухал газрын ховор элементийн экспортын шинэ хязгаарлалтуудаа цуцлахаар тохиролцсон байдаг.

БНХАУ-ын Синьхуа агентлагийн мэдээлснээр, Хятадын талын гол хэлэлцээч Хэ Лифэн АНУ-аас сүүлийн үед авч хэрэгжүүлсэн худалдааны хязгаарлалтын арга хэмжээнд нухацтай сэтгэл түгшиж буйгаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч талууд худалдааны харилцааны тогтвортой байдлыг хангахын тулд хамтын ажиллагааг тасралтгүй бэхжүүлж, санал зөрөлдөөнийг зүй зохистой зохицуулахаар нэгдсэн байна.

Анх нэг жилийн хугацаатай байгуулсан уг гэрээг есдүгээр сард Трамп, Ши Жиньпин нар Цагаан ордонд уулзах үеэрээ ирэх оны нэгдүгээр сарын 10 хүртэл сунгасан билээ. Төрийн тэргүүн нар арваннэгдүгээр сарын 18-19-нд Хятадын Шэньжэнь хотноо болох АПЕК-ийн чуулга уулзалтын үеэр дахин уулзах хүлээлттэй байна. Түүнчлэн Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Мао Нин тус чуулга уулзалтын хүрээнд Ши Жиньпин, Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын гурван талт дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар холбогдох талуудтай ярилцаж буйг анх удаа нотлон мэдээллээ.

Deutsche WelleDeutsche Welle · Эх сурвалж