Миний тохиргоо

Өмнөд Солонгосын 37 санхүүгийн байгууллагаас 470 мянга гаруй мэдээлэл алдагдав

Өмнөд Солонгосын санхүүгийн салбарт өнгөрсөн нэг сарын хугацаанд 37 байгууллагаас 470 мянга гаруй хувийн мэдээлэл гадагш алдагдаж, ойролцоогоор 1 тэрбум вон (745,000 ам.доллар) хулгайд алдагдсан талаар тус улсын Санхүүгийн үйлчилгээний комисс (FSC) пүрэв гарагт мэдээллээ.

Энэ асуудлаар Санхүүгийн үйлчилгээний комисс холбогдох төрийн байгууллагууд болон Санхүүгийн хяналтын алба, Санхүүгийн аюулгүй байдлын хүрээлэн зэрэг салбарын төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулсан байна. Уулзалтаар санхүүгийн салбар дахь мэдээллийн аюулгүй байдал болон хиймэл оюун ашиглах чадавхыг эргэн хянажээ.

Анх есдүгээр сарын 30-нд мэдээлэл алдагдсан нь илэрснээс хойш нийт 40 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнд арилжааны дөрвөн банк, санхүүгийн хөрөнгө оруулалтын таван пүүс, даатгалын гурван компани болон хадгаламжийн таван банк багтжээ.

Хяналтын байгууллагын мэдэгдсэнээр алдагдсан өгөгдөлд хууль бус санхүүгийн гүйлгээ хийхэд ашиглаж болохуйц үйлчлүүлэгчдийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, банкны дансны мэдээлэл зэрэг эмзэг зүйлс ороогүй байна. Мөн зарим жижиг брокер, даатгал, цахим санхүүгийн байгууллагуудын өөрсдийн хөрөнгө хулгайд өртсөн ч харилцагчдын мөнгө хохироогүй үлдсэнийг FSC нэмж тодотгов.

Санхүүгийн үйлчилгээний комисс ирэх арваннэгдүгээр сарын эцэс гэхэд салбарын 580 байгууллагад аюулгүй байдлын шалгалт хийж, дотоод хяналтын тогтолцоог нь нягтлахаар төлөвлөжээ. FSC-ийн дарга Ли Ог-вон хэлэхдээ, аюулгүй байдлын эрсдэлийг үл тоомсорлож, үүргээ биелүүлээгүйгээс үүдэн хохирол учруулсан удирдах албан тушаалтан, гүйцэтгэх захирлуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хатуу хариуцлага тооцно гэдгийг анхаарууллаа.

Korea TimesKorea Times · Эх сурвалж