Их Британийн алдартай жүжигчин, хошин шогч Рассел Брэндийн өмгөөлөгч шүүхийн шийдвэр гарсны дараа эрэн сурвалжлах сэтгүүлч рүү танхайран дайрсан гэх асуудлаар Их Британийн Хуульчдын хяналтын зөвлөлд (Bar Standards Board) өөрийгөө шалгуулахаар хандлаа.
Өмгөөлөгч Иан Винтер пүрэв гарагийн үдээс хойш Саутворкийн эрүүгийн шүүхийн танхимын гадаа 'Sunday Times' сонины сэтгүүлч Розамунд Урвин рүү дайрч, бусад сэтгүүлчдийн нүдэн дээр зохисгүй үг хэллэгээр харааж дарамталсан хэрэг гарчээ. Сэтгүүлч Розамунд Урвин анх Брэндийн хохирогчдыг ил гаргасан эрэн сурвалжлах сурвалжилгыг бэлтгэсэн юм. Винтер баасан гарагт мэдэгдэл хийхдээ, хэвлэлээр гарч буй мэдээллийн дагуу асуудлыг зохих журмаар шалгуулахын тулд мэргэжлийн ёс зүйн хороондоо өөрөө хандсан гэдгээ дурджээ.
Дөрвөн долоо хоног үргэлжилсэн шүүх хурлын эцэст тангарагтны шүүх Рассел Брэндийг хүчингийн нэг, бэлгийн хүчирхийллийн гурван хэрэгт гэм буруутай гэж шийдвэрлэсний дараа уг маргаан болов. Харин түүнд холбогдох хүчингийн өөр хоёр хэрэг, бэлгийн халдлага үйлдэхийг завдсан нэг хэргийг цагаатгажээ. Брэнд бүх хэргийг няцааж, өөрийгөө хэвлэлийн золиос болсон гэж мэдэгдэж байсан юм.
'Sunday Times' сонины ерөнхий редактор Бен Тейлор өмгөөлөгчийн энэ үйлдлийг эрс буруушаав. Тэрбээр 'Times Radio'-д ярихдаа, шүүхийн шийдвэрийг сэтгүүлч бус, найман эрэгтэй, дөрвөн эмэгтэйгээс бүрдсэн тангарагтны бүрэлдэхүүн баримт нотолгоонд үндэслэн гаргасан гэдгийг онцолсон байна. Түүнчлэн өмгөөлөгч сэтгүүлчийн нэр хүндэд халдсанаар шүүх болон шүүхийн тогтолцоог бүхэлд нь үгүйсгэсэн, байж болшгүй ёс зүйгүй үйлдэл гаргасныг шүүмжилжээ.
Өдгөө 51 настай Брэндийг 2009 онд 21 настай шүтэн бишрэгч эмэгтэйгээ хүчирхийлсэн, мөн 2004-2009 оны хооронд гурван эмэгтэйд бэлгийн халдлага үйлдсэн гэм буруутайг шүүх бүрэн тогтоосон юм. Тэрбээр одоогоор цагдан хоригдож байгаа бөгөөд ялын хэмжээг ирэх даваа гарагт зарлахаар төлөвлөөд байна.


