Европын Холбоо Нэгдсэн Үндэстний Байгууллагад Умард Солонгосын хүний эрхийн зөрчлийг буруутгасан тогтоолын төсөл өргөн барьсантай холбогдуулан Пхеньян хариу мэдэгдэл гаргалаа. Умард Солонгосын төрийн төв мэдээллийн агентлаг (KCNA)-аар дамжуулан тус улсын НҮБ-ын дэргэдэх төлөөлөгчийн газар ЕХ-г 'өөрийн хэрэгт анхаарах'-ыг анхааруулсан байна.
Мэдэгдэлд дурдсанаар, уг тогтоолын төслийг 'улс төрийн сэдэлтэй өдөөн хатгалга', 'жүжиглэл' хэмээн тодорхойлжээ. Мөн тус улсын хүний эрхийн бодлогыг илт мушгин гуйвуулж байна хэмээн үзэж, хүний эрх гэдэг нь 'Өрнөдийн орнуудын монополь эрх биш' гэж мэдэгдэв. Түүнчлэн Европын хотуудад иргэд амьд явах наад захын эрхээ шаардан жагсаж буйг сануулаад, ЕХ байхгүй хүний эрхийн асуудлыг хөөргөхөө зогсоож, дотоодын асуудалдаа төвлөрөх нь зүйтэй гэжээ.
НҮБ болон хүний эрхийн байгууллагууд Умард Солонгосыг хүний эрхийг ноцтой зөрчдөг хэмээн олон жилийн турш буруутгасаар ирсэн юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2005 оноос хойш тус улсын хүний эрхийн асуудлыг буруутгасан тогтоолыг жил бүр баталж байна.
Өмнөд Солонгосын 'Yonhap' агентлагийн мэдээлснээр, Сөүл ЕХ-ноос өргөн барьсан энэхүү тогтоолын төслийг хамтран санаачлагчаар дэмжихээр шийдвэрлэжээ. Либерал үзэлтэй Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн засаглалын үед буюу 2019-2021 онд хамтран санаачлахаас татгалзаж байсан бол сүүлийн таван жил дараалан уг төсөлд нэгдэж байгаа нь энэ юм.
Тогтоолын төслийг энэ сарын сүүлээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Гуравдугаар хороо батлах төлөвтэй бөгөөд үүний дараа Ерөнхий Ассамблейн нэгдсэн чуулганаар эцэслэн батална.


