Миний тохиргоо
Прага хотод арьс өнгөөр ялгаварлан хүчирхийлсэн АНУ-ын иргэнийг шалгаж эхлэв
Зургийн эх сурвалж: https://praguemorning.cz/racist-attack-prague-zelivskeho-stop/

Прага хотод арьс өнгөөр ялгаварлан хүчирхийлсэн АНУ-ын иргэнийг шалгаж эхлэв

Чехийн Прага хотын Желивскехо буудалд англи хэлтэй этгээд гудамжинд явж байсан иргэн рүү арьс өнгөөр ялгаварлан халдаж, гар утсыг нь эвдэлсэн хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллага сэжигтнийг эрэн сурвалжилж тогтоосон бөгөөд гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэмээн шалгаж эхэлсэн байна.

Чех улсын нийслэл Прага хотын Виногради дүүрэгт байрлах Желивскехо трамвай, метроны буудлын ойролцоо арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан халдлага гарсан талаар цагдаагийн байгууллага мэдээлэв. Арваннэгдүгээр сарын 4-ний өглөө Виноградска гудамжинд англиар ярьдаг үл таних этгээд өнгөрч явсан иргэн рүү дайрч, улмаар гар утсыг нь булаан зам руу шидсэн хэрэг гарчээ.

Чех улсад хэдэн жил амьдарч буй араб гаралтай хохирогчийн мэдээлснээр уг үл таних этгээд олон нийтийн газарт хараар арьстнууд, еврей болон арабчуудыг устгахыг уриалж хашхирч байжээ. Хохирогч түүнд гарал үүслээр нь хүмүүсийг доромжлох, заналхийлэхийг эсэргүүцэж буйгаа хэлээд, болзошгүй хүчирхийллээс сэргийлэн уг үйл явдлыг гар утсаараа бичиж эхэлсэн байна.

Бичлэгээс үзэхэд сэжигтэн эхлээд түүнийг амаар доромжилж, утсаа чихэндээ барин 'Байна уу, Трамп уу?' гэж хэлснээс гадна аминд нь хүрнэ хэмээн сүрдүүлжээ. Удалгүй уг этгээд түүний гар утсыг шүүрэн зам руу шидэж, зам дагуу өнгөрч байсан ачааны автомашинд утас нь дайруулж эвдэрсэн байна. Үүний дараа хохирогч цагдаад хандан хэрэг үүсгүүлж, цахим сүлжээгээр дамжуулан сэжигтнийг олоход туслахыг нутгийн иргэдээс уриалжээ.

Чехийн цагдаагийн газрын төлөөлөгч Эва Кропачова уг хэргийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа бөгөөд сэжигтний хэн болохыг хэдийнээ тогтоосон гэж мэдээлэв. Түүнчлэн уг этгээд өмнө нь Орос улсад эмэгтэй цагдаагийн биед халдаж, шүүхийн шийдвэрээр сэтгэцийн албадан эмчилгээ хийлгэж байсан АНУ-ын иргэн байж болзошгүй тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Сэжигтэн нь Чехийн иргэншилтэй бөгөөд Оросоос Прагад ирж суурьшсан байх магадлалтай гэж зарим эх сурвалж дурджээ. Гэсэн хэдий ч Прага хотын цагдаагийн байгууллага шалгагдаж буй уг этгээд Орост хэрэгт холбогдож байсан Америк иргэн мөн эсэхийг одоогоор албан ёсоор батлаагүй байна.

Prague MorningPrague Morning · Эх сурвалж