ХБНГУ-ын санхүүгийн төв Франкфурт болон бусад томоохон хотод бямба гарагийн орой дэлгүүр дээрэмдэж, цагдаа нартай мөргөлдсөн үймээн дэгдэв. Өдрийн цагаар голчлон тайван өрнөсөн амьжиргааны өртгийн эсрэг олон нийтийн эсэргүүцлийн цуглаан харанхуй болмогц хүчирхийлэл болон хувирлаа.
Франкфуртээс гадна Берлин, Кельн, Хамбург хотуудад мөргөлдөөн гарч, цагдаа нар онцгой байдлын ажилтнууд руу чулуу, лонх, салют шидсэн жагсагчдыг усан буугаар тараав. Франкфурт, Мюнхен, Берлин хотын эрх баригчид нийт 18,000 орчим хүн жагссан гэж мэдээлсэн нь зохион байгуулагчдын таамаглаж байснаас хоёр дахин бага үзүүлэлт болов. Гэсэн хэдий ч Германы хэвлэлүүд улс даяар хэдэн арван мянган хүн гудамжинд гарсныг онцолжээ.
Уг жагсаалыг 'Gen Z regelt' буюу 'Z үеийнхэн манлайлна' хөдөлгөөн зохион байгуулж, сургуулиудын санхүүжилт дутмаг байгааг, амьжиргааны өндөр өртөг, төсвийн таналт болон цэргийн албыг эсэргүүцсэн байна. Тус хөдөлгөөний төлөөлөгч Лина Фридрих дайн, албадлагын төлөө биш, харин энх тайван, эрх чөлөө, эрүүл мэнд, боловсролын тогтолцоонд илүү их дэмжлэг авахын төлөө тэмцэж байгаагаа илэрхийллээ.
Франкфурт хотын төвд нөхцөл байдал хурцдаж, дэлгүүрийн цонхнуудыг хагалан, цагдаа нар луу шатамхай холимогтой шил шидсэн байна. Албаныхан нэгэн бууны дэлгүүрийн цонх хагарсныг баталж, сэжигтнийг баривчлан хоёр ширхэг галт зэвсэг хураан авчээ. Гессен мужийн Дотоод хэргийн сайд Роман Посек уг эсэргүүцэлд зүүний хэт даврагч 100 орчим этгээд нэвтэрснийг мэдэгдээд, үйл явдал ингэж өндөрлөсөнд харамсаж буйгаа хэлэв.
Энэхүү хөдөлгөөн нь Франц зэрэг Европын бусад оронд өрнөж буй залуусын эсэргүүцэлтэй зэрэгцэн газар авч байна. Тухайлбал, Франц улсад бямба гарагт 320,000 гаруй хүн амьжиргааны өртөг болон боловсролын салбарын нөхцөл байдлыг эсэргүүцэн жагсаж, улмаар Тулуз, Лион, Марсель хотуудад мөргөлдөөн гарсны дараа 500 гаруй хүнийг баривчилжээ.
Түүнчлэн Италийн Ром, Турин хотуудад мөргөлдөөн гарсан бол Португалд орон сууцны үнэ өссөнтэй холбоотой түрээсийн шинэ хуулийг эсэргүүцсэн жагсагчдын майхант хуаранг цагдаа нар албадан буулгав. Европын хэд хэдэн орны залуус ийнхүү гудамжинд гарч, орон сууцны хүртээмж, боловсролын чанар болон нийтийн үйлчилгээний таналтыг эсэргүүцэн дуу хоолойгоо нэгтгэсээр байна.


