Миний тохиргоо

Хортой мөөг ашиглан гурван хүнийг хөнөөсөн Эрин Паттерсоны давж заалдах гомдлыг шийдвэрлэнэ

Австралийн Викториа мужийн давж заалдах шатны шүүх гурван хүний аминд хүрч, нэг хүнийг хөнөөхийг завдсан Эрин Паттерсоны гомдлыг өнөөдөр эцэслэн шийдвэрлэх гэж байна. Өдгөө 52 настай Паттерсон 2023 онд үхлийн аюултай мөөгтэй үхрийн махтай ороомог бэлтгэн зочдодоо өгсөн хэргээр бүх насаар хоригдох ял авсан билээ. Шүүх түүнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр-ийг хэрэгсэхгүй болгож дахин шүүх хурал товлох, цагаатгах, эсвэл ялыг хэвээр үлдээх зэрэг шийдвэрүүдийн аль нэгийг гаргах юм.

Паттерсон 2023 онд Викториа мужийн зүүн өмнөд хэсэгт орших Леонгата дахь гэртээ хадам эцэг эх Дон, Гейл Паттерсон болон Гейлийн эгч Хизер Уилкинсон нарыг үдийн хоолонд урьж, хортой мөөгөөр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Мөн уг зоогийг идсэний дараа хүндээр хордон амьд үлдсэн сүмийн пастор Иан Уилкинсоны амь насанд халдахыг завдсан гэм буруутай нь анхан шатны шүүхээр тогтоогдсон юм. Үүний дараа шүүгч Кристофер Бил түүнд 33 жилийн дараа хугацаанаас өмнө суллагдах хүсэлт гаргах эрхтэй, бүх насаар хорих ял оноосон байв.

Харин Паттерсоны өмгөөлөгчид 2025 онд Морвелл хотод болсон шүүх хурлын үеэр шударга шүүх зарчим ноцтой алдагдсан хэмээн давж заалджээ. Өнгөрсөн наймдугаар сард болсон давж заалдах шатны урьдчилсан сонсголын үеэр тангарагтны шүүгчид прокурорын талын гол гэрч цагдаагийн ажилтан болон прокурорын хоёр гишүүнтэй нэг зочид буудалд байрласан ноцтой алдаа гарсан гэдгийг өмгөөлөгчид онцолсон байна. Түүнчлэн улсын яллагч Паттерсоныг байцаахдаа хэт дарамталж, тангарагтны бүрэлдэхүүнд буруу ойлголт төрүүлэхүйц эргэлзээтэй арга хэрэглэсэн хэмээн буруутгажээ.

Нөгөө талд прокурорын зүгээс Паттерсоны үйлдсэн гэмт хэргийн ноцтой байдал, зохион байгуулалттай төлөвлөлт, хордуулсан тухайгаа эмнэлгийнхэнд хэлж амийг нь аврах боломж байхад нуун дарагдуулсан зэргийг харгалзан түүнийг хугацаанаас өмнө суллагдах эрхгүйгээр насан туршид нь хорих ёстой хэмээн эсрэг гомдол гаргасан байна. Анхан шатны шүүгч Паттерсоныг шоронд тусгаарлан хоригдох хүнд нөхцөл байдалд байхыг нь хөнгөрүүлж үзсэнийг прокурорууд шүүмжилж байгаа юм.

Гэвч Паттерсон шоронд байхдаа номын сан, дасгалын талбай ашиглаж, хүүхдүүдтэйгээ цахимаар холбогдож, сүлжмэл урлах зэргээр энгийн нөхцөлд ялаа эдэлж буйг шүүхэд танилцуулжээ. Давж заалдах шатны шүүгчид болох Лесли Тейлор, Стивен Маклейш, Питер Кидд нар өнөөдөр гомдлыг хүлээн авах эсэхээс гадна эцсийн хувь заяаг нь зарлах юм. Хэрэв шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болговол шүүх прокурорын хүсэлтийг харгалзан ялыг чангаруулах эсэхээ шийднэ.

Олон нийт болон хэвлэл мэдээллийн онцгой анхаарлын төвд байгаа уг шийдвэрийг давж заалдах шатны ердийн шүүхийн байранд бус Викториа мужийн Дээд шүүхийн нэгдүгээр танхимд зарлахаар товложээ. Эрин Паттерсон шүүхийн шийдвэр танилцуулах хуралд биечлэн оролцохгүй байх төлөвтэй байна.

ABC News AustraliaABC News Australia · Эх сурвалж