Миний тохиргоо

БНСУ-д цагдаагийн дүрэмт хувцас дуурайлган өмсөхийг хатуу хориглолоо

Өмнөд Солонгосын Үндэсний цагдаагийн агентлаг (NPA) Хэллоуины баярыг угтан цагдаагийн хуурамч дүрэмт хувцас, тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, худалдах, тараахын эсрэг орон даяар хяналт шалгалт эхлүүлэхээр боллоо. Долоо хоног үргэлжлэх энэхүү тусгай ажиллагаа даваа гаргаас арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал хэрэгжих юм. Тусгай албаны хэрэгсэл, хувцсыг дуурайн өмсөх нь цагдаагийн ажилтны нэрээр хууран мэхлэх, албаны үйл ажиллагаанд саад учруулах эрсдэл дагуулдаг хэмээн албаныхан онцолжээ.

Хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн дагуу энгийн иргэн цагдаагийн албаны болон дуураймал дүрэмт хувцас, хэрэгслийг өмссөн, эзэмшсэн тохиолдолд зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял эдлүүлэх, эсвэл 3 сая вон хүртэлх торгууль ногдуулдаг. 2022 онд Итэвонд олон хүн шахцалдан амь насаа алдсан эмгэнэлт явдлын үеэр цагдаагийн хувцастай баярын оролцогчдыг жинхэнэ цагдаатай андуурч, аврах ажиллагаанд хүндрэл учирсан нь ийм арга хэмжээ авахад хүргэжээ. БНСУ мөн цэргийн дүрэмт хувцсыг зөвшөөрөлгүй өмсөх, цэргийн алба хаагчаас ялгагдахгүй хувцаслахыг тусдаа хуулиар чанд хориглодог.

Цагдаагийн байгууллага Солонгосын цахим худалдааны холбоотой хамтран цахим худалдааны томоохон сайтууд болон хуучин барааны захуудад хяналт тавина. Мөн хуурамч хувцас, хэрэгсэл худалдаалахаас сэргийлж 'цагдаагийн дүрэмт хувцас' болон бусад холбогдох хайлтын үгсийг хаахаар төлөвлөжээ. Эрх баригчид 54 томоохон цахим сүлжээнд хяналт тавихын зэрэгцээ Итэвон, Хондэ зэрэг залуус олноор цугладаг газруудад эргүүл шалгалтыг чангатгах юм.

Хууль зөрчсөн иргэдийг эрүүгийн журмаар шалгахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Мөн хуулийн дагуу дуураймал дүрэмт хувцасны тодорхойлолтод шууд багтахгүй байсан ч шөнийн цагаар болон хүн ихтэй газарт төөрөгдөл үүсгэж болзошгүй тул цагдаагийн сэдэвтэй ямар ч хувцас хэрэглэл өмсөх, худалдахаас зайлсхийхийг иргэдэд уриалав. Иймд тус улсад оршин суугаа монгол иргэд хэрэг зөрчилд холбогдохоос сэрэмжилж, хууль дүрмийг чанд сахих шаардлагатай байна.

Korea TimesKorea Times · Эх сурвалж