Австралийн Шинэ Өмнөд Уэльс (NSW) мужид баталгаагүй пептидийн бэлдмэл хэрэглэснээс болж яаралтай тусламжийн тасагт хандах иргэдийн тоо эрс өссөнийг тус мужийн Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүллээ. Албан ёсны баримтаар өнгөрсөн оны долоодугаар сараас энэ оны есдүгээр сарын хооронд нийт 1,180 хүн зөвшөөрөлгүй пептид хэрэглэсний улмаас эмнэлгийн тусламж авсан байна.
Эмнэлэгт хандсан иргэдийн сарын тоон үзүүлэлт өнгөрсөн оны долоодугаар сард ердөө 5 байсан бол өнгөрсөн сард 220 дөхөж өсжээ. Пептид нь хүний биеийн уургийг бүрдүүлдэг амин хүчлийн богино хэлхээ бөгөөд Австралийн Эмийн хэрэгслийн хяналтын хорооноос (TGA) зөвшөөрсөн зарим төрлийн эм бэлдмэл байдаг аж. Гэвч сүүлийн үед цахим сүлжээгээр жин хасах, хөгшрөлтийг удаашруулах, булчингийн масс нэмэгдүүлэх үйлчилгээтэй хэмээн сурталчилсан зөвшөөрөлгүй пептидийн хэрэглээ газар аваад байна.
Шинэ Өмнөд Уэльс мужийн Эрүүл мэндийн сайд Райан Парк эдгээр зохицуулалтгүй бүтээгдэхүүн нь элэг, бөөр гэмтээх, харшлын хүнд урвал үзүүлэх зэрэг эрүүл мэндийн ноцтой эрсдэл дагуулдаг болохыг санууллаа. Тэрбээр иргэд яаралтай тусламжийн тасагт биеийн байдал нь маш хүнд хүргэгдэж ирж байгааг онцлоод, энэ нь бага зэргийн асуудал биш гэдгийг мэдэгдсэн байна.
Эрүүл мэндийн газрын мэдээлснээр зөвшөөрөлгүй бүтээгдэхүүнүүдэд BPC-157, GHK-Cu, TB-500, retatrutide, CJC-1295 зэрэг бодисууд агуулагдаж байгаа аж. Иймд олон нийтийн сүлжээ болон цахим дэлгүүрээс баталгаагүй бэлдмэл авахгүй байхыг анхааруулж, эмчийн бичиж өгсөн албан ёсны зөвшөөрөлтэй эмийг л хэрэглэхийг зөвлөв. Мөн аль хэдийн ийм төрлийн зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн хэрэглэж буй хүмүүсийг дараагийн тунг уухаасаа өмнө эмчид хандаж, уг бэлдмэл улсын бүртгэлтэй эсэхийг лавлахыг уриаллаа.


