Миний тохиргоо

Жоржиа Мелони эсэргүүцлийн жагсаал мөргөлдөөн болсныг буруушаав

Италийн хэд хэдэн хотод бямба гарагт өрнөсөн амьжиргааны өртгийн эсрэг жагсаал мөргөлдөөнөөр төгсөж, дөрвөн цагдаа болон 20 жагсагч бэртэж гэмтжээ. Тус улсын иргэд бараа бүтээгдэхүүний өндөр үнэ, бодит цалингийн зогсонги байдал болон орон сууцны хомсдлыг эсэргүүцэн гудамжинд гарсан байна.

Милан хотын төв талбайд баг өмссөн залуус цагдаа нар луу салют, шил шидэж, хаалт босгосон тул хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий ашиглан тараав. Энэ үеэр 50 орчим залууг баривчилсны тал хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан тухай Италийн ANSA агентлаг мэдээллээ.

Үүнтэй ижил төстэй мөргөлдөөн Турин, Болонья, Бергамо зэрэг хотуудад гарч, Болоньяд цагдаа нар усан буу ашиглан насанд хүрээгүй дөрвөн хүнийг саатуулжээ. Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони жагсаалыг эмх замбараагүй байдал үүсгэх зорилгоор ашигласан гэмт этгээдүүдийн үйлдлийг эрс буруушааж, цагдаа нартай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр жагсаал цуглаан хийх нь иргэдийн эрх боловч хот сууринг шатаах нь хууль бус үйлдэл хэмээн мэдэгдсэн юм. Милан хотын дарга Жузеппе Сала иргэдийн бухимдлыг ойлгож байгаа ч цагдаа нар луу дайрч, нийтийн эд хөрөнгийг сүйтгэхийг зөвтгөх аргагүйг анхааруулав.

Нийслэл Ром хотод болсон жагсаалд үйлдвэрчний эвлэлийн гишүүд олноор нэгдэж, арваннэгдүгээр сарын 20-нд орон даяар бүх нийтийн ажил хаялт зарлахаа мэдэгдлээ. Энэхүү үйл явдал нь Францад мөн адил амьжиргааны өртгийн эсрэг жагсаал өрнөж, 1800 гаруй хүн баривчлагдаад буй үетэй давхцаж байна.

Deutsche WelleDeutsche Welle · Эх сурвалж