Миний тохиргоо

Майкрософт Их Британи дахь хиймэл оюуны томоохон төслөөс гарав

Их Британийн Эссекс гүнлэгийн Лоутон хотод баригдах хиймэл оюуны өгөгдлийн төвийн төслөөс Майкрософт компани гэрээгээ цуцлан гарчээ. Төслийг хэрэгжүүлэгч Британийн Nscale компани цахилгаан эрчим хүчний хангамж дутагдсанаас болж гол түншээ алдсан нь энэ юм.

Кир Стармерын Засгийн газар уг төслийг 2025 онд үндэсний хиймэл оюуны стратегийн гол цөм хэмээн онцолж, Их Британийн хамгийн том бие даасан өгөгдлийн төв болно хэмээн зарлаж байв. Гэвч гуравдугаар сард хэвлэлүүд уг байршилд одоог хүртэл барилгын шат угсралтын талбай ажиллаж буйг илрүүлснээр төслийн явцад эргэлзээ төрж эхэлжээ.

Үүний дараа цахилгаан хангамжийн хүндрэлээс үүдэн уг төв хугацаандаа ашиглалтад орж чадахгүй нь тодорхой болсон тул Майкрософт хамтын ажиллагаагаа зогсоосноо мэдэгдсэн байна. Nvidia зэрэг технологийн гигантуудын дэмжлэгтэй Nscale компани энэ онд 35 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр Уолл Стритэд хувьцаагаа гаргахаар төлөвлөж байсан ч энэ төлөвлөгөө нь эрсдэлд орлоо.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Лоутон дахь төслөө үргэлжлүүлж, эрчим хүчний өөр эх үүсвэрүүдийг судалж буйгаа тайлбарлав. Мөн Лондонгийн эрчим хүчний сүлжээний доголдол нь Майкрософттой хамтран Норвегид хэрэгжүүлж буй бусад гэрээнд нөлөөлөхгүйг онцолжээ.

The Guardian UKThe Guardian UK · Эх сурвалж