Их Британийн Засгийн газар 10 дугаар сарын 18-нд Английн хэмжээнд яаралтай тусламжийн 14 шинэ төсөлд 140 сая орчим фунт стерлингийн санхүүжилт олгох шийдвэр гаргалаа. Өнгөрсөн зуны хэт халалт, дээд хэмжээний ачааллын дараа Үндэсний эрүүл мэндийн алба (NHS) өвлийн хүнд улиралд ийнхүү эртнээс бэлтгэж байна. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан 25 шинэ төв өвөл эхлэхээс өмнө нээгдэж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр болжээ. Засгийн газар 2030 он хүртэл яаралтай тусламжийн барилга байгууламжид 2 тэрбум фунт, урсгал засварын ажилд 1.5 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна.
Шинэ хөрөнгө оруулалтаар бүс нутгуудын эмнэлгийн хүчин чадлыг ихээхэн нэмэгдүүлнэ. Тухайлбал, Кембрижийн Адденбрук эмнэлэгт ор зохицуулалтын дижитал системд 4 жилийн хугацаанд 7.7 сая, Басилдон эмнэлгийн яаралтай тусламжийн өргөтгөлд 2 жилд 6 сая фунт хуваарилав. Мөн Жэймс Пажет эмнэлэгт шинэ яаралтай эмчилгээний төв барихад 10 сая, Хатан хаан Элизабет эмнэлэгт 3.9 сая, Норфолк ба Норвичийн их сургуулийн эмнэлгийн засварт 4.86 сая, Листер эмнэлгийн орны тоог нэмэхэд 2 сая фунт стерлинг тус тус зарцуулахаар шийджээ.
Лондон хотын эмнэлгүүдийн яаралтай тусламжийн дижитал системийг 3 жилийн хугацаанд шинэчлэхэд 18.4 сая фунт зарцуулахаар батлав. Үүний зэрэгцээ ачаалал нь хоёр дахин хэтэрсэн Ромфордын Куинс эмнэлгийн хүлээн авах тасгийг бүрэн шинэчлэхэд хамгийн өндөр буюу 42.1 сая фунт стерлинг олгох боллоо. Түүнчлэн Мидлендс бүсэд түргэн тусламжийн төвийг шинэчлэхэд 12 сая, шуурхай 999 дуудлагад үйлчлэх 40 шинэ бүрэн тоноглогдсон автомашин худалдан авахад 6.35 сая фунт төсөвлөжээ.
Өдрийн цагаар түргэн тусламж үзүүлэх (SDEC) тусгай тасгуудыг орон даяар байгуулж, өвчтөнийг эмнэлэгт хонуулахгүйгээр тухайн өдөрт нь оношлон эмчлэх нөхцөлийг өргөжүүлж байна. Үүний хүрээнд Ноттингемийн Queen's Medical Centre төвд 12.9 сая, Эйрдэйлийн нэгдсэн эмнэлэгт 6.76 сая, Уиганы Эдуард хааны нэрэмжит эмнэлэгт 4.7 сая, мөн Норт Тизийн их сургуулийн эмнэлгийн хүлээн авах тасгийн засварт 2 жилийн хугацаанд 1 сая фунт стерлинг хуваарилжээ. Энэ нь өвчтөнүүдэд чирэгдэлгүй түргэн тусламж үзүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Үүнээс гадна дөрөвдүгээр сард зарлагдсан 25 төвөөс Бирмингем, Нортхэмптон зэрэг хотуудын шинэ төвүүд болон Стокпорт, Маргейт дахь өргөтгөлүүд одоо бүрэн ашиглалтад ороод байна. Харин Солсбери, Винчестер хотууд болон Лондонгийн Норт Мидлсекс эмнэлгийн төслүүд 2026 онд багтан нээгдэх бол зарим өргөтгөлийн ажил 2027 оны нэгдүгээр сард бүрэн дуусах төлөвтэй байна. Эмнэлгийн ачааллыг сааруулахын тулд иргэдийг томуугийн эсрэг вакцинд идэвхтэй хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагууд уриалж байгаа бөгөөд одоогоор 7.4 сая гаруй иргэн вакцин хийлгээд байна.


