Өмнөд Солонгосын хууль тогтоогч асан Ю Сын Мин болон их сургуулийн гурван удирдлагыг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ. Түүнийг Инчеоны үндэсний их сургуульд охиноо багшаар ажилд ороход нь давуу эрх олгосон хэрэгт сэжиглэж байгаа талаар цагдаагийн газраас баасан гарагт мэдэгдлээ.
Инчеон хотын Цагдаагийн газраас мэдээлснээр Ю Сын Мин, тус их сургуулийн ерөнхийлөгч Ли Ин Жэ болон хоёр профессорыг саатуулалгүйгээр хэргийг нь шилжүүлсэн байна. Их сургуулийн удирдлагуудыг байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан төдийгүй Хууль бус хүсэлт, хээл хахуулийн эсрэг хуулийг зөрчсөн үндэслэлээр давхар буруутгажээ.
Эдгээр дөрвөн хүн өнгөрсөн оны хоёрдугаар улиралд Ю Сын Миний 32 настай охин Ю Дамыг худалдааны тэнхимд багшаар ажилд авах сонгон шалгаруулалтын үйл явцыг алдагдуулсан хэмээн сэжиглэгдэж байна. Ю Дам нь өмнө нь 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр аавынхаа сонгуулийн сурталчилгаанд идэвхтэй оролцож олны танил болж байсан нэгэн юм.
Сургуулийн захирал болон профессорууд нь ажлын байрны сонгон шалгаруулалтад зохисгүй хүсэлт хүлээн авсан гэж сэжиглэгдсэн ч тэд мөнгө, эд зүйл авсан гэх нотлох баримт мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй байна. Цагдаа нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн шалгалтын ажиллагааг явуулсны эцэст ийнхүү хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлжээ.
Мөрдөн байцаагчид Ю Сын Миний охиноос бичгээр тайлбар байцаалт авсан боловч түүнийг гэмт хэрэгт шууд холбоотой гэж үзэх хангалттай нотлох баримт олдоогүй тул сэжигтнээр татаагүй болохыг мөн дурдсан байна.