Чехийн хамгийн өндөр цамхгуудыг дэлбэлж буулгав
Зургийн эх сурвалж: https://praguemorning.cz/liblice-radio-towers-demolished/

Чехийн хамгийн өндөр цамхгуудыг дэлбэлж буулгав

Чехийн Либлице дэх 355 метр өндөр хос радио цамхгийг хяналттайгаар дэлбэлэн буулгалаа. Хагас зуун шахам жилийн турш тус улсын хамгийн өндөр байгууламжид тооцогдож байсан уг цамхгийн буурийг цэвэрлэх ажил үргэлжилж байна.

Чехийн Либлице тосгонд байрлах 355 метр өндөр хоёр радио цамхгийг аравдугаар сарын 15-ны өдөр хяналттайгаар дэлбэлж нураалаа. Ингэснээр бараг хагас зууны турш тус улсын хамгийн өндөр байгууламжид тооцогдож байсан түүх төгсөв.

Нураах багийнхан нийт 4.5 орчим килограмм 'Семтекс' тэсрэх бодис ашиглан бэхэлгээний татлага тросуудыг тасалжээ. Цамхгууд орон нутгийн цагаар 11:15 цагт нурж унасан тухай iDNES.cz мэдээллээ.

Цамхаг нураах ажиллагааг үзэхээр хэдэн зуун иргэн цуглаж, зарим нь дуран, сандалтайгаа ирсэн байв. Олон жилийн турш нутгийн бэлгэ тэмдэг болж байсан байгууламж нурах үед нутгийн иргэд сэтгэл нь ихээхэн хөдөлж, нулимс дуслуулж байсныг хэвлэлүүд онцолжээ.

'Либлице Б' дамжуулагч станц 1976 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орж, тухайн үедээ Төв Европын хамгийн хүчирхэг радио өргөн нэвтрүүлгийн төвөөр нэрлэгдэж байв. Чехийн радио 2021 оны сүүлээр дунд долгионы цацалтаа зогсоосон бол 'Кантри радио' 2025 оны гуравдугаар сар хүртэл уг цамхгаас нэвтрүүлгээ дамжуулсан байна.

Нутгийн иргэдийн нэг хэсэг нь эдгээр цамхгийг Чехословакийн инженерийн болон радио нэвтрүүлгийн өв болгон үлдээхийг шаардаж байсан бол зарим нь коммунист үеэс үлдсэн, хоцрогдсон байгууламж гэж үзжээ.

Уг цамхгуудыг буулгаснаар 347.5 метр өндөр 'Крашов' телевиз, радиогийн дамжуулах цамхаг Чехийн хамгийн өндөр байгууламж болов. Нураасан ган хийцийг цэвэрлэх ажил ойролцоогоор 20 хоног үргэлжлэх төлөвтэй байна.

Prague MorningPrague Morning · Эх сурвалж