Их Британийн Нууц зөвлөл Ямайкийн боолчлолын нөхөн төлбөрийн асуудлыг хэлэлцэнэ

Их Британийн Нууц зөвлөл боолчлолын хохирлыг барагдуулах Ямайкийн хүсэлтийг 2027 оны гуравдугаар сард хэлэлцэхээр товлолоо. Энэхүү асуудлыг Их Британийн хаан III Чарльз тус зөвлөлд шилжүүлсэн байна.

Их Британиас боолчлолын нөхөн төлбөр гаргуулах Ямайкийн хүсэлтийг хэлэлцэх хугацааг тус улсын давж заалдах шатны дээд байгууллага товлосон тухай Ямайкийн Засгийн газар мэдэгдэв. Ямайкийн Соёлын сайд Оливиа Гранж албан мэдэгдэлдээ, Лондон хотод төвтэй Нууц зөвлөл урьдчилсан байдлаар сонсголыг 2027 оны гуравдугаар сарын 8-ны долоо хоногт хийхээр тогтсоныг дурджээ. Их Британийн тал өөрсдийн хариу тайлбарыг энэ оны арваннэгдүгээр сард багтаан гаргах үүрэг хүлээсэн байна.

Өнгөрсөн сард Сайд Оливиа Гранж Ямайкийн төрийн тэргүүн болох Их Британийн хаан III Чарльзд хандаж албан ёсны өргөдлийг биечлэн хүргүүлжээ. Уг өргөдөлд Африк иргэдийг Ямайка руу хүчээр тээвэрлэсэн нь хууль ёсны байсан эсэх, энэ нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг мөн эсэх, түүнчлэн Их Британи боолчлол болон түүний үр дагаврын төлөө нөхөн төлбөр өгөх үүрэгтэй эсэх зэрэг гурван асуултад хууль зүйн тайлбар хүссэн байна.

Хаан уг асуудлыг Нууц зөвлөлд шилжүүлсэн явдлыг сайд Оливиа Гранж Ямайкийн парламентын танхимд хэлэхдээ түүхэн том үйл явдал хэмээн тодорхойллоо. Тус улсын хуульчид 1833 оны Шүүхийн хорооны тухай хуулийн ховор хэрэглэгддэг заалтыг ашигласан бөгөөд уг зохицуулалтаар энгийн шүүхээр шийдвэрлэх боломжгүй хууль зүйн асуудлыг хаан Нууц зөвлөлд шилжүүлэх эрхтэй байдаг аж.

Энэхүү хэргийг НҮБ-ын Олон улсын шүүх (ОУШ)-д гаргах боломжгүй байсныг сайд тайлбарлав. Учир нь Их Британи Хамтын нөхөрлөлийн одоогийн болон хуучин гишүүн улсуудтай үүссэн аливаа маргааныг Олон улсын шүүх (ОУШ)-ээр шийдвэрлүүлэхгүй байх тусгай болзол тавьсан байдаг юм. Энэ сарын эхээр Их Британийн албаны эх сурвалж боолчлолын нөхөн төлбөр төлөхгүй гэсэн Лондонгийн байр суурь хэвээр байгааг дахин нотолжээ.

The Guardian UKThe Guardian UK · Эх сурвалж