Миний тохиргоо

Казахстан, Азербайжан Каспийн тэнгис доогуур шилэн кабель татлаа

Казахстан болон Азербайжан улсууд Каспийн тэнгисийг хөндлөн дамнасан 380 километр шилэн кабелийн холбооны шугамыг албан ёсоор ашиглалтад орууллаа. Энэхүү төсөл нь Төв Ази болон БНХАУ-ыг Европтой холбох шинэ дижитал гарц болж, бүс нутгийн харилцаа холбооны дэд бүтцийг бэхжүүлэх зорилготой юм. Төслийн нээлтийн ёслолд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болон Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев нар аравдугаар сарын 15-нд биечлэн оролцжээ.

Уг төслийг Казахстаны харилцаа холбооны оператор 'Казахтелеком' болон Азербайжаны 'AzerTelecom' компани хамтран хэрэгжүүлсэн байна. Ерөнхийлөгч Токаев уг шилэн кабелийг Ази, Европыг холбосон худалдаа, тээврийн гол зам болох 'Дундын коридор'-ыг баяжуулах бүс нутгийн шинэ түвшний дэд бүтэц хэмээн тодорхойлов. Тэрбээр 'Бид олон улсын ач холбогдолтой маш чухал төслийг эхлүүллээ. Хамгийн гол нь энэ бол тээврийн бус, харин орчин үеийн дижитал эринд нийцсэн шинэ төрлийн коридор юм' гэж цохон тэмдэглэсэн байна.

Каспийн тэнгисийг дамнасан шилэн кабелийн шугам нь Казахстан болон Төв Азийн орнууд, Хятадыг Европтой холбох шинэ сүлжээний гол хэсэг болно. Цаашид Газар дундын тэнгис болон Хар тэнгисийн усан доорх кабелийн системтэй холбогдож, олон улсын өгөгдөл дамжуулах боломжийг тэлэх төлөвтэй байна. Энэ нь Казахстаны дижитал сүлжээг өргөжүүлж, дэлхийн технологийн томоохон компаниудыг татах, үүлэн технологи болон хиймэл оюун дэд бүтцийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх юм. Ерөнхийлөгч Алиев энэхүү санаачилгыг Кавказ, Төв Ази болон хөрш зэргэлдээ орнуудыг хамарсан дэлхийн хэмжээний төсөл болсныг онцлов.

Шилэн кабелийн нээлтийн үеэр талууд 'Дундын коридор' хэмээн нэрлэгддэг Каспийн дамнасан олон улсын тээврийн замыг хөгжүүлэх засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт мөн гарын үсэг зурлаа. Уг баримт бичиг нь төмөр зам, авто зам, боомтын ачааллыг бууруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, мөн Каспийн тэнгис дэх усан тээврийг хамтран хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэв. Түүнчлэн тээвэр логистикийн мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлж, цахим тоон гарын үсгийг харилцан хүлээн зөвшөөрөх, хилийн шалган нэвтрүүлэх ажиллагааг хялбарчлахаар тохиролцсон байна.

The Astana TimesThe Astana Times · Эх сурвалж