Австралийн Виктория мужийн ерөнхий аудиторын гаргасан шинэ тайлангаар тус мужийн гал түймэртэй тэмцэх албаны автомашины паркийг шинэчлэхэд 1 тэрбум гаруй долларын санхүүжилт дутагдаж байгааг тогтоожээ. Мужийн хэмжээнд ашиглагдаж буй 3000 гаруй гал сөнөөх машин нь аюулгүй ажиллагааны шаардлага хангах эсэхийг уг шалгалтаар нарийвчлан судалсан байна.
Шалгалтын дүнгээр Хөдөөгийн гал түймэртэй тэмцэх газар болон Виктория мужийн галын аврах албаны нийт автомашины бараг 60 хувь нь 15-аас дээш жилийн насжилттай байжээ. Уг албаны дотоод журмаар бол галын машиныг 15 жил ашиглаад заавал солих ёстой гэж заасан байдаг юм.
Ерөнхий аудитор Эндрю Гривзийн тэмдэглэснээр 2024-2025 оноос 2033-2034 оны хооронд гал унтраах автомашины засвар үйлчилгээ болон парк шинэчлэлтэд нийт 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Гэвч одоогийн байдлаар буцалтгүй тусламж болон улсын төсвөөс ердөө 390.4 сая доллар буюу хэрэгцээт дүнгийн дөрөвний нэгийг л хуваарилсан тул 1 тэрбум гаруй долларын санхүүжилтийн зөрүү үүссэн ажээ.
Үүнээс гадна Эрчим хүч, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа гал унтраах автомашинуудын их биед цууралт үүссэн ноцтой зөрчил илэрчээ. Энэхүү асуудал нь ой хээрийн түймэртэй тэмцдэг албан хаагчдын аюулгүй байдалд шууд заналхийлж байна гэж тайланд дурдсан байна. Уг цууралтын улмаас тус яам 2025-2026 оны зуны улирлаас өмнө нийт паркийнхаа 54 хувь буюу бараг 350 машины ашиглалтыг зогсоохоос өөр аргагүйд хүрчээ.
Холбогдох яам цууралттайг нь мэдсээр байж зарим галын машиныг ашигласан төдийгүй даац хэтрүүлэн ажиллаж байсныг аудитаар илрүүлсэн байна. Гал сөнөөгчдийн нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн дарга Питер Маршал төсөв танаж, аюултай бөгөөд шаардлага хангахгүй техник хэрэгсэл ашиглуулахад хүргэсэн хариуцлагагүй албан тушаалтнуудад арга хэмжээ авах ёстойг мэдэгдлээ.
Засгийн газрын төсвийн хатуу бодлогын улмаас гал түймэртэй тэмцэх агентлагууд төсвийн саналаа багасгахаас өөр аргагүйд хүрсэн гэж аудитын тайланд онцолжээ. Тухайлбал, Виктория мужийн галын аврах алба 2024-2025 онд хэрэгцээт зардлынхаа тал хувийг бүрдүүлэхээр 160 сая долларын хүсэлт анх гаргасан боловч засгийн газрын зааврын дагуу уг дүнг 14 сая доллар болгон бууруулсан нь нийт шаардлагатай санхүүжилтийн ердөө 5 хүрэхгүй хувь болсон юм.
Тус мужийн Ерөнхий сайд Бен Кэрролл нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч, цаашид хийх ажил их байгааг онцоллоо. Харин сөрөг хүчний зүгээс гал сөнөөх албаны техник хэрэгслийг шинэчлэх цогц төлөвлөгөө боловсруулж байгаа бөгөөд шаардагдах 1.5 тэрбум долларыг хэрхэн шийдвэрлэх талаарх тодорхой шийдлийг тун удахгүй зарлана гэдгээ мэдэгдэв.