Их Британийн жүжигчин, хошин шогч Рассел Брэнд 1999-2009 оны хооронд зургаан эмэгтэйн эсрэг хүчин болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдан шүүхэд дуудагдлаа. Түүнд хүчин үйлдсэн гурав, бэлгийн хүчирхийллийн гурав, ёс бус халдлагын нэг буюу нийт долоон төрлийн ял тулгаад буй бөгөөд Брэнд бүх зүйл ангид гэм буруугүй гэж мэдүүлсэн байна.
Прокурор Риэл Карми-Жонс тангарагтны шүүхийн нээлтийн үгэндээ хохирогч зургаан эмэгтэй өмнө нь болон одоо ч бие биеэ танихгүй, бие даан гомдол гаргасан болохыг онцлов. Тэрбээр уг гэмт хэргүүд Брэндийн нэр хүнд өсөж, карьер нь цэцэглэж байсан арван жилийн хугацаанд үйлдэгдсэн хэмээн мэдэгдлээ.
Эхний хэрэг 1999 онд Борнмут хотод болсон Хөдөлмөрийн намын чуулганы үеэр гарчээ. Тухайн үед 20 гаруй настай байсан хохирогч зочид буудлынхаа угаалгын өрөөнөөс гарахад Брэнд цээж нүцгэн байсан бөгөөд түүнийг хүчирхийлсэн гэж шүүхэд мэдүүлсэн байна. Удаах тохиолдол 2001 онд MTV сувагт ажиллаж байсан эмэгтэйд холбогдох ба Брэнд түүнийг бие засах өрөө рүү хүчээр чирэхэд эсэргүүцэн биеэ татаж авсан тухай прокурор дурдав.
Мөн 2004 онд Сохо дүүргийн нэгэн бааранд Брэнд гурав дахь хохирогчийг бие засах өрөө рүү хүчээр татан оруулж, хүчирхийлсэн баримтыг шүүхэд танилцуулав. Түүнчлэн 2004-2005 оны үед радио станцад ажиллаж байсан дөрөв дэх эмэгтэйн нүүрийг гараараа базаж, хана руу түлхэн хүчээр үнсэж, биед нь бүдүүлгээр халдсан хэмээн буруутгаж байна.