Маврикид цагдаагийн буудалцааны улмаас хөл хорих цаг тогтоолоо

Энэтхэгийн далайн аялал жуулчлалын бүс Маврики улсад цагдаагийн ажилтан нэгэн эмэгтэйг буудаж шархдуулсны улмаас олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсэв. Энэхүү явдлын дараа тус улсын эрх баригчид нийслэл болон хүн ам төвлөрсөн зарим хотод шөнийн хөл хорих цаг тогтоосон тухай мэдэгдлээ.

Ерөнхий сайд Навин Рамгулам мягмар гарагт ард түмэндээ хандан үг хэлэхдээ, хязгаарлалт орон нутгийн цагаар 20:30 буюу 16:30 GMT цагаас эхэлж, өглөөний 06:00 буюу 02:00 GMT хүртэл үргэлжилнэ гэж мэдэгдэв. Эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбогдуулан зарим сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон талаар Боловсролын яамнаас мэдээлсэн юм.

Орон нутгийн хэвлэлүүдийн дамжуулснаар, 27 настай Элоди Томас гэх эмэгтэйг буудсан хэрэгт цагдаагийн сержант цолтой алба хаагчийг буруутган шалгаж байгаа ч хэрэг гарах болсон шалтгааныг тодорхой мэдээлээгүй байна. Хохирогч бүсгүй ажлаа тараад фургон машинтай явж байхдаа нийслэлийн өмнөд хэсэгт суманд оногдсон бөгөөд сумыг авах мэс засал амжилттай болсныг Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Даваа гарагийн шөнө жагсагчид дугуй шатааж, авто замыг хаасны улмаас цагдаагийн нэмэлт хүч байрлуулсан боловч одоо нөхцөл байдал эргэн тайвширчээ. Цагдаагийн байгууллага шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд Засгийн газар лхагва гарагт хуралдан цаашдын арга хэмжээг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Al JazeeraAl Jazeera · Эх сурвалж