Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэти Захариа мягмар гарагт хийсэн албан ёсны анхны хэвлэлийн бага хурал дээрээ Өмнөд Солонгосын эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын багцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүний мэдэгдсэнээр тус багцаас 54 тэрбум ам.долларыг Аляскийн шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) төсөлд зориулахаар холбосон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр Өмнөд Солонгосоос АНУ-д хийх нийт 200 тэрбум хүртэлх ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалтын багцыг зарласан юм. Хэвлэлийн төлөөлөгч Захариа уг хэлэлцээрийг өндрөөр үнэлээд, нийт дүнгийн 120 тэрбум ам.доллар нь том оврын найман цөмийн цахилгаан станц барихад зориулагдана гэж онцоллоо.
Үүнээс гадна Номхон далайн бүс нутагт үйлчилж, холбоотнуудад түлш нийлүүлэх Аляскийн хийн хоолой болон терминалын бүтээн байгуулалтад 54 тэрбум ам.доллар тусгагдсан байна. Мөн Техас мужид 6 гигаваттын хүчин чадалтай байгалийн хийн цахилгаан станц барихад 22.3 тэрбум ам.доллар хуваарилагдахаар төлөвлөгджээ.
Гэвч Дональд Трампын хийсэн энэхүү мэдэгдлийн дараа Өмнөд Солонгосын Аж үйлдвэрийн яам Аляскийн төсөл хараахан эцэслэгдээгүй байгааг мэдэгдсэн байна. Сөүлийн зүгээс аливаа хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахаас өмнө уг төслийн эдийн засгийн үр ашиг, арилжааны боломж зэрэг хүчин зүйлсийг нарийвчлан судлах шаардлагатай гэдгийг тодотгов.


