Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён Хууль зүйн сайдын албан тушаалд нэр дэвшүүлэхээр эрх баригч Ардчилсан намын хууль тогтоогч Пак Кюн Тэг болон Ян Бү Нам нарын асуудлыг хэлэлцэж байна. Энэ тухай ерөнхийлөгчийн тамгын газрын эх сурвалж аравдугаар сарын 25-ны ням гарагт Ёнхап агентлагт мэдээллээ.
Ерөнхийлөгч наймдугаар сарын сүүлээр Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр тус яамны сайдад Ким Сын Воныг нэр дэвшүүлсэн боловч тэрээр нэрээ татсан юм. Парламентын томилгооны сонсголын үеэр түүнийг COVID-19 эмийн лоббид оролцсон зэрэг хэд хэдэн хууль бус хэрэгт буруутгасан нь үүнд нөлөөлжээ.
Хууль зүйн сайдын суудал сүүлийн хоёр сарын турш эзэнгүй байгаа тул Ерөнхийлөгч И Жэ Мён олон нийтийн санал бодлыг харгалзан дараагийн нэр дэвшигчийг маш болгоомжтой судалж байна. Албан ёсны эх сурвалжийн дурдсанаар шинэ сайдын томилгоог тун удахгүй зарлахаар төлөвлөжээ.
Нэр дэвших магадлалтай Пак Кюн Тэг болон Ян Бү Нам нар хоёул өмнө нь прокуророор ажиллаж байсан бөгөөд намынхаа түшиц газар болох Хонам бүсээс анх удаа парламентад сонгогдсон улс төрчид юм.
Түүнчлэн Пак гишүүн улс төрийн сэдэлтэйгээр үүсгэсэн хэмээн И Жэ Мёны эрүүгийн яллах дүгнэлтийг цуцлахыг шаардаж буй гишүүдийн нэг юм. Харин Ян Бү Намын хувьд 2022 онд И Жэ Мёныг намын даргаар ажиллах үед түүний хуулийн асуудлыг хариуцсан намын Хууль зүйн хорооны хамтарсан даргаар томилогдон ажиллаж байв.


