Миний тохиргоо

Их Британи ухаалаг нүдний шилийг хориглох хувилбарыг судалж эхлэв

Их Британийн засгийн газар ухаалаг нүдний шилний хэрэглээг хязгаарлах хувилбаруудыг судалж байгааг албаны хүн мэдэгдлээ. Энэ төрлийн төхөөрөмжийг ашиглан эмэгтэйчүүдийн бичлэгийг зөвшөөрөлгүй, нууцаар хийх тохиолдол гарч байгаа нь ийнхүү зохицуулалт хийх гол шалтгаан болжээ.

Парламентын Нийтийн танхимд үг хэлэхдээ Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал хариуцсан сайд Сатвир Каур уг технологийг зарим төрлийн хэрэглэгчдэд худалдахыг хориглох тухай цухуйлгав. Тэрбээр 'Ухаалаг нүдний шилний ашиг тусыг түүний учруулж болох хор уршигтай харьцуулж үзэх ёстой. Засгийн газар тодорхой орчинд уг төхөөрөмжийг хориглох, түүнчлэн зарим хэрэглэгчдэд борлуулахыг хязгаарлах хувилбаруудыг судалж байна' хэмээн онцолсон байна.

Каурын хэлснээр ухаалаг нүдний шилээр бичлэг хийх нь камер ашиглахыг хориглосон шүүхийн танхим зэрэг газарт одоо ч хууль зөрчсөн үйлдэлд тооцогдож байгаа юм. Түүнчлэн эрүүл мэнд, боловсролын байгууллагуудад дижитал бичлэг хийх, ухаалаг зүүдэг төхөөрөмж ашиглахыг зохицуулсан журмууд үйлчилдэг бөгөөд Английн Үндэсний эрүүл мэндийн алба (NHS England) болон Боловсролын яам энэ асуудлыг тусгайлан хянаж байна.

Хэлэлцүүлгийг санаачилсан Либерал ардчилсан намын соёлын асуудал хариуцсан төлөөлөгч Анна Сабин олон нийтийн газар ухаалаг нүдний шилтэй эрчүүд эмэгтэйчүүдийг тэдний зөвшөөрөлгүйгээр бичиж, маргааш нь цахим орчинд олон нийтэд цацсан тухай гомдол мэдээлэл цөөнгүй гарах болсныг анхааруулав. Тэрбээр эдгээр төхөөрөмж хувийн нууцад халдаж, зөвшөөрлийн асуудлыг хөндөж буйг онцлоод, зарим сурталчилгаанд нууцаар бичлэг хийх боломжийг давуу тал болгон сурталчилж байгаад шүүмжлэлтэй хандсан юм.

Нөгөө талд ухаалаг нүдний шил нь харааны бэрхшээлтэй иргэдэд хүрээлэн буй орчноо мэдрэхэд асар их тус хүргэж буй технологийн ололт болохыг сайд Сатвир Каур мөн санууллаа. Мөн өнгөрсөн сард Уэльсийн парламентын гишүүн Жейсон О'Коннелл мэтгэлцээний танхимд үг хэлэхдээ илтгэлээ уг нүдний шилэнд байрлах тусгай дэлгэцээс харж уншсан гэдгээ тайлбарлаж байсан юм.

The Guardian UKThe Guardian UK · Эх сурвалж