Миний тохиргоо

Сиднейд өндөр настантай байшинг шатаасан 17 настай хүүг баривчлав

Сидней хотын дотоод баруун бүсийн Абботсфорд дүүрэгт мягмар гарагт хувийн сууц шатаж, 17 настай хүүг уг хэрэгт холбогдуулан саатуулжээ. Гал түймрийн улмаас 88 настай өндөр настан тэргүүтэй дөрвөн хүн угаарын хийд хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Мягмар гарагийн үүрийн 04:00 цагийн орчимд байшин дүрэлзэн шатаж байна гэх дуудлагаар 40 гал сөнөөгч 10 техниктэйгээр газар дээр нь очин ажиллажээ. Аврагчид 88 настай эмэгтэй болон түүний хүү, бэр нарыг галаас гарган эмнэлэгт хүргэсэн юм. Мөн өндөр настныг аврахаар шатаар авирсан 49 настай эрэгтэй эмнэлгийн тусламж авсан бол тус сууцыг удаан хугацаагаар түрээсэлж байсан өөр нэг иргэнд газар дээр нь тусламж үзүүлж, эмнэлэг рүү шилжүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. Тухайн үед хөрш айлын оршин суугч нүүрээ далдлан халхалсан нэгэн этгээдтэй таарсан тухай цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Мөрдөгчид мягмар гарагийн 23:00 цагийн үед Мерриландад байрлах нэгэн сууцнаас 17 настай хүүг баривчилжээ. Сэжигтэн хүү гар, хөлөндөө түлэгдсэн шархтай байсан тул эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна. Цагдаа нар баривчилгаа явуулсан газарт нэгжлэг хийж, хэрэгт холбогдох хэд хэдэн эд мөрийн баримтыг хураан авчээ.

Хууль сахиулагчид өсвөр насны сэжигтэнд 15 мянгаас дээш австрали долларын үнэлгээтэй эд хөрөнгийг галдан шатааж, дэлбэлж сүйтгэсэн, эзэмшигчийн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэлд сууж явсан болон залилангийн аргаар эд хөрөнгө завшсан гэх зүйл ангиар ял оноов. Шүүхээс түүнийг батлан даалтад гаргахаас татгалзсан бөгөөд лхагва гарагт Парраматта хотын батлан даалтын шүүхэд шүүх хурал нь болохоор товлогджээ.

ABC News AustraliaABC News Australia · Эх сурвалж